Шууд Chart

БНХАУ, Куба улс эдийн засгийн хувьд хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлнэ

2016-09-26 15:00:47

БНХАУ Куба улстай найрсаг харилцаагаа улам бүр бэхжүүлж, эдийн засгийн хувьд хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхээр боллоо. Хятадын төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян Куба улсад хийсэн албан айлчлалынхаа үеэр энэ тухай мэдэгдсэн юм.

Өнгөрөгч амралтын өдрүүдэд Кубын нийслэл Гавана хотноо болсон энэхүү айлчлалын үеэр Хятадын төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян Кубын Ерөнхийлөгч Раул Кастротой уулзаж, хоёр улсын хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах олон шийдвэр, амлалтуудыг өгсөн байна. Хятадын төрийн мэдлийн "Синьхуа" агентлагийн уламжилж байгаагаар Хятад улс Кубын нийгмийн социалист тогтолцоог дэмжин ажиллаж, дэд бүтцийг бүтээн байгуулах, худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд туслахаар болжээ. Харин Кубын талаас Хятадын эдийн засгийн хөгжлийн туршлагаас суралцах хүсэлтэй байгаагаа Ерөнхийлөгч Кастро илэрхийллээ. Мөн хоёр орны хувьд эдийн засгийг хөгжүүлэх, ард түмний амьдралыг сайжруулах нийтлэг сорилт тулгараад байгаа.

Иймд энэ удаагийн яриа хэлэлцээрүүд үр дүнгээ өгнө гэж найдаж байгаагаа хэлсэн юм. Мөн хөгжиж буй улс орнуудын нийтлэг ашиг сонирхлыг хамгаалахын тулд олон улсын асуудлаар Хятад улстай хамтран ажиллах болно гэдгээ тэрбээр мэдэгдлээ. Ли Көцяны Кубад хийж байгаа энэ удаагийн айлчлал тус хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойших 56 жилийн хугацаанд Хятадын төрийн дээд албан тушаалтан Куба улсад албан айлчлал хийсэн анхны тохиолдол болж байгаагаараа хоёр улсын харилцаанд түүхэн үйл явдал болж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

БНХАУ, Куба улс эдийн засгийн хувьд хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлнэ   
Үзсэн: 546 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй