Энэтхэг улс ирэх сард уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх Парисын гэрээнд нэгдэн орно гэдгийг тус улсын Ерөнхий сайд Нарендра Моди албан ёсоор мэдэгдлээ. Энэтхэг нь хүлэмжийн хийн ялгаруулалтаараа дэлхийд дөрөвдүгээрт бичигддэг улс юм. Аравдугаар сарын 2 буюу Энэтхэгийн тусгаар тогтнолын бэлэг тэмдэг болсон Махатма Гандигийн төрсөн өдөр энэхүү гэрээнд нэгдэн орж, гарын үсэг зурах юм байна.
2020 оноос хойш хүчин төгөлдөр хэрэгжих Парисын гэрээг өмнөх оны 12 дугаар сард 200 гаруй орны төлөөлөгчид хуран чуулж, хэлэлцэн баталж байсан юм. Энэ гэрээний дагуу улс орон бүр уур амьсгалын өөрчлөлттэй хэрхэн тэмцэх зорилтоо таван жил тутамд тайлагнаж байхаар болсон. Энэтхэг улсын хувьд дэлхийн дулааралд нөлөөлж буй гол хүчин зүйл болох хүлэмжийн хийн ялгаруулалтаараа БНХАУ, АНУ болон ОХУ-ын дараа ордог байна.
Тус улс ийнхүү Парисын гэрээнд нэгдэн орсноор дэлхийн дулаарал, цаг уурын өөрчлөлттэй тэмцэх олон улсын хүчин чармайлтыг илүү үр дүнтэй болгоход чухал нөлөө үзүүлнэ гэж харж байна. АНУ болон Хятад улс энэ сарын эхээр тус гэрээнд нэгдэж байгаагаа мэдэгдсэн. Харин одоо эдгээр улс орон дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг ямар арга хэмжээ авч эхлэх нь хамгийн их анхаарал татаж байна.
| Нарендра Моди: Энэтхэг улс уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх Парисын гэрээнд нэгдэнэ | ||
| Үзсэн: 1539 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.