Шууд Chart

НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Сирийн асуудлаар шуурхай хуралдсан ч хэлэлцээ бүтэлгүйтлээ

2016-09-26 15:52:51

Өчигдөр НҮБ-ын Аюулгүйн зөвлөл шуурхай хуралдаан зарлаж, Сирид үүсээд байгаа нөхцөл байдлыг хэрхэн намжаах тухай хэлэлцсэн боловч үр дүнд хүрсэнгүй. Учир нь талуудын санал зөрүүтэй байдал болон бие биенийгээ эрс буруутгасан шүүмжлэлүүд нь Сирид энх тайван цаг авчрах итгэлийг хөсөрдүүллээ гэж ажиглагчид дүгнэж байна.

Хуралдааны үеэр Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүдийн хооронд үүссэн хагарал Сирид дайныг дахин үл дэлгэрүүлэхийн тулд авч хэрэгжүүлэх шийдвэртэй алхамуудыг хэлэлцэхэд саад боллоо. Энэ сарын 12-нд Сирийн Засгийн газар болон босогчдын дунд гал зогсоох хэлэлцээрийг байгуулсан ч 7 хоногийн настай уг хэлэлцээрийн дараагаас Сирийн армийнхан босогчдын хяналтаа тогтоосон Алеппо хот руу агаараас хэд хэдэн удаа хүчтэй цохиолт өгч, олон хүний амь сүйдсээр байгаа. Иймд хямралыг даруй зогсоохын тулд Аюулгүйн Зөвлөл яаралтай хуралдсан юм. Энэ хуралдаанд НҮБ дахь АНУ-ын төлөөлөгч Саманта Пауэр Сирийн олон арван энгийн номхон иргэдийн үхэлд Башар Ал Ассадын Засгийн газар болон түүний хамтрагч ОХУ-ыг буруутгасан бол ОХУ-ын төлөөлөгч Виталий Чуркин Сирийн босогчдыг энгийн иргэдээр түрий барьж, тэдний амиар өөрсдөө хамгаалж байна гэж шүүмжилсэн юм.

Харин Сирийн зуучлагч Стэфан Дэ Мустра сөргөлдөгч талуудын хооронд шууд яриа хэлэлцээ хийх түүний төлөвлөгөө энэ маргаанаас болж нурлаа гэсэн байна. Үүнээс гадна Аюулгүйн зөвлөлийн байнгын бус гишүүд ч энэ тухай асуудлаар өөрсдийн байр суурийг илэрхийлж, хүчирхэг улс орнуудын хоорондох дайсагнал, ашиг сонирхлын зөрчилдөөн Аюулгүйн зөвлөлийг дорвитой шийдвэр гаргахаас хойш татаж, Сири дэх хямралыг даамжруулсаар байна гэсэн юм. Мөн Сирид одоо үргэлжилж байгаа энэ хямрал мөргөлдөөнд хөндлөнгийн аль ч тал шууд болон шууд бусаар оролцохгүй байх нь илүү үр дүнтэй гэж үзэж байгаагаа ч илэрхийлсэн байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Сирийн асуудлаар шуурхай хуралдсан ч хэлэлцээ бүтэлгүйтлээ   
Үзсэн: 599 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй