Шууд Chart

Д.Сумъяа: Туулсан амьдралаараа кино хийлгэнэ гэдэг ховор боломж шүү дээ

2016-09-26 15:50:17

Монгол Улсын гавьяат тамирчин, олимпийн мөнгөн медальт Д.Сумъяагийн амьдралаас сэдэвлэсэн “Хүлэгү Пикчерс”-ийн бүтээл “Цагаан хадаг” уран сайхны киноны хэвлэлийн бага хурал өнөөдөр “Castle” ресторанд боллоо.

Тус кино нь ирэх лхагва гарагт бүх кино театраар гарах гэж байгаа тул уран бүтээлчид хэвлэлийнхэнд ийнхүү мэдээлэл өгсөн юм. Хэвлэлийн хуралд найруулагч Ж.Сэнгэдорж, зохиолч Т.Номуунзул, продюсер Н.Отгонбат, П.Сумъяа нар оролцлоо.

 

Энэ үеэр дараах хоёр эрхмийн сэтгэгдлийг сонслоо.

Д.Сумъяа: Туулсан амьдралаараа кино хийлгэнэ гэдэг ховор боломж шүү дээ

-Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин З.Ойдов гуай “Амьддаа хөшөөгөө босгуулах эвгүй юм” гэж хэлж байсан. Харин таны тухай кино бүтээгдэх гэж байгаа нь ямар санагдаж байна вэ?

-Сонирхолтой санагдсан. Ер нь яагаад болохгүй гэж. Ийм боломж хүн бүрт олдохгүй болохоор би дуртайяа зөвшөөрсөн. Кино уран бүтээлчид эхлээд манай жүдо бөхийн холбооны удирдлагуудтай уулзаж, миний амьдралын талаар судалж эхэлсэн юм билээ. Би кино зохиолчтойгоо өнгөрсөн оны арваннэгдүгээр сард уулзсан.

-Тухайн үед олимпийн эрхийн төлөөх тэмцээн, бэлтгэл үргэлжилж байсан. Тэгэхээр бэлтгэлд тань саад болж байсан уу?

-Үгүй ээ. Хэдийгээр бид байнгын бэлтгэлтэй байдаг ч хүнтэй хэдхэн минут уулзах боломж гарна шүү дээ. Энэ талд төвөг болсон зүйл огт байгаагүй.

-Таны дүрд Т.Жинжиймаа хэмээх охин тоглосон гэсэн. Түүнд барилдааныхаа арга барилаас заасан уу?

-Тэгсэн. Тэгэхгүй бол миний барилдааны онцлог энэ киноноос харагдахгүй шүү дээ. Би түүнтэй бэлтгэлийнхээ зааланд ажилласан. Хэд хэдэн мэх ч зааж өгсөн. Ялангуяа сууж үүрэх мэх.

-Олимпийн мөнгөн медаль хүртэхдээ хийсэн мэх үү?

-Тийм. Тэр миний үндсэн мэх л дээ. Мэх хийж байхдаа ямар эмоци гаргадгаа ч хэлсэн.

-Зарим хүн таныг олимпоос медаль авангуут л энэ киног хийж эхэллээ гэж байсан ...

-Харин тийм. Фэйсбүүкээр янз бүрийн л юм бичсэн байсан. Нэг хүн бүр “Сүүлийн үед кино хийх чинь хуушуур хайрахаас хурдан болчихсон юм уу” гэсэн байсан. Уг нь энэ ажил жил гаруйн өмнөөс эхэлсэн шүү дээ.

-Гэхдээ та болон танай холбооны хамт олон кино хийх гэж байгааг нэлээн нууцалжээ?

-Тэгсэн. Тун удахгүй олимп болох гэж байсан болохоор манай холбооныхон болон би аль болох нууц байлгахыг хичээсэн. Зөвхөн манай гэр бүлийнхэн л мэдэж байсан. Олимп болох гэж байхад энэ талаар худал, үнэн нь мэдэгдэхгүй яриа хэвлэл, мэдээллээр бичигдээд байвал хэцүү шүү дээ. Тэгээд ч нууц байлгаж байгаад нээлт болох үед задлах нь кино хамт олны менежмент байсан.

-Гэр бүлийнхэн тань хэрхэн хүлээж авсан бэ?

-Над шиг л сайхан хүлээж авсан.

-Та олимпоос мөнгөн медаль хүртсэн нь ч энэ киног үзэх гэсэн үзэгчдийн сонирхлыг улам татаж байх шиг байна ...

-Тийм. Ямар сайндаа найруулагч Ж.Сэнгэдорж ах Т.Номуунзул эгчийг “Чи их далдыг харсан, мэдрэмжтэй юм аа” гэж байх вэ дээ.

-Та кино зохиолчдоо бүх амьдралаа ярьж өгч чадсан уу. Дараа нь бодоход дутуу үлдсэн юм байна уу?

-Байхгүй байх аа. Гэхдээ би одоогоор киногоо үзээгүй болохоор миний хэлсэн бүхнийг оруулсан юм уу, үгүй юу гэдгийг мэдэхгүй байна. Нөгөөдөр киногоо үзэхээр энэ тухай харна даа. Намайг багад аав маань дугуй засч, би сургуулийнхаа амралтаар машин угаадаг байсан. Энэ бол хүний л амьдрал шүү дээ. Тэр үе маань ч эргэн дурсагдана байх. Ер нь энэ жил миний хувьд олон сайхан дурсамж хуримтлагдаж байна.  

-Т.Номуунзул таныг маш их зовлон үзсэн юм билээ гэж хэлсэн. Тэдгээр хүнд шалгуурыг та даван туулахын тулд юунаас эрч хүч авдаг байсан бэ?

-Би зорилгоо огт мартаж байгаагүй. Хүүхэд байхын л 06:00 цагт босно. Амжилт гаргахын үндэс нь эрт босох. Мөн баг хамт олноосоо эрч хүч авдаг.        

-Зураг авалтын багахан хэсэгт та өөрөө оролцохыг хүсч байсан уу?

-Үгүй. Энэ бол бүрэн хэмжээний уран сайхны кино болохоор мэргэжлийн жүжигчин л тоглох ёстой.   

 Т.Номуунзул: Д.Сумъяа зорилгодоо тууштай байсан нь надад илүү таалагдсан

-Саяхан олимпийн медальтан болсон болохоор ч тэр үү Д.Сумъяагийн тухай кино "мэндлэх" гэж байгаа нь сонирхолтой санагдаж байна л даа. Юунаас үүдэж түүний тухай кино зохиол бичих болов?

-Спортын холбогдолтой кино зохиол бичих мөрөөдлөө нэлээн эрт өвөртлөөд байлаа. Ингээд эрэл хайгуул болж, 2015 оны дундуур Монголын жүдо бөхийн заал руу тохиолдлоор ороход эмэгтэй тамирчдынх нь бэлтгэл хийж байгаа байдал миний сэтгэлийг маш их татсан. Нэг л өөр мэдрэмж төрүүлсэн. Тиймээс тэр байдлаа “Хүлэгү Пикчерс”-ийн хамт олонд танилцуулахад таатай хүлээж авсан.

-Шууд л Д.Сумъяагийн бодит амьдралаас сэдэвлэж кино хийе гэж бодсон хэрэг үү?

-Үгүй. Монголын жүдо бөхийн холбооны хамт олонд энэ тухай хэлэхэд тэд тун сайхан хүлээн авч, гурван тамирчин санал болгосон.

-Хэн хэнийг?

-Гавьяат тамирчин Ц.Мөнхзаяа, М.Уранцэцэг хоёрыг хамт хэлсэн. Бид тэдний туулсан амьдралтай танилцаж, судалсны эцэст Д.Сумъяагийнх илүү таалагдсан. Ингээд бид түүнтэй уулзаж, амьдралыг нь аль болох дэлгэрэнгүй яриулсан. Бүр хэд хэдэн удаа уулзсан. Тэгэхээр түүний бүх амьдралыг гаргасан гэж бодож байгаа. Мөн энэ бүтээл маань уран сайхны кино гэдгийг уншигчид маань ойлгоосой. Зарим хүн “Баримтат кино юм уу” гэж асууж байна. Уран сайхны арга хэрэглэгдсэн болохоор бага зэрэг хэтрүүлэг ч орсон байгаа шүү. Гэхдээ түүний амьдралаас нэг их хазайхгүй ээ.  

-Та түрүүн Д.Сумъяагийн амьдрал илүү сонирхолтой санагдсан гэлээ. Чухам юу нь тэгтлээ их сонирхлыг тань татсан юм бэ?

-Д.Сумъяа багадаа хагацал үзэхээс эхлээд олон бэрхшээл туулсан юм билээ. Тийм их шалгуур туулахдаа тэр зорилгоо огт гээгээгүй. Тууштай хөдөлмөрлөсөн бүсгүй юм. Энэ зан чанар нь надад илүү таалагдсан болохоор түүнийг сонгосон.

-Энэ кинондоо түүний амьралын юуг илүү гаргахыг зорьсон бэ?

-Тамирчин хүнд сэтгэлзүйн бэлтгэл тун чухал байдаг гэж мэргэжилтнүүд хэлж байсан. Тиймээс би энэ талд нэлээн анхаарч бичсэн. Зохиолоо 2015 оны арваннэгдүгээр сард эхлүүлж, таван сарын дараа дуусгасан. Зураг авалт ч зохиол гарснаас хойш нэг их удаагүй эхэлсэн.

-Жишээ нь, Ж.Батмөнх агсны тухай кино хийгдсэн. Харин мэнд байгаа хүний тухай кино хийх ямар санагддаг юм байна?

-Миний хувьд зохиолоо аль болох сайн бичихийг хичээсэн. Харин энэ талд найруулагч маань хэлэхдээ “Маш хэцүү юм байна” гэж байсан. Гэхдээ Ж.Сэнгэдорж өмнө нь 90 саяын Б.Гансүхийн амьдралаар “Бодлын хулгайч” киног хийсэн туршлагатай хүн шүү дээ.  

-Киноны нэрний хувьд ...

-Цагаан өнгийн хадаг сайн сайхныг бэлгэддэг. Тиймээс тамирчин хүний зам мөр үргэлж дардан байгаасай гэсэн үүднээс энэ нэрийг сонгосон. Тэгээд ч жүдочдийг цагаан өмсгөлтнүүд гэдэг биз дээ.

-Д.Сумъяагийн тоглож өссөн Увс аймгийн Баруунтуруун суманд зураг авалт хийгдсэн үү?

-Үгүй. Хаа хол тэр нутагт очиж зураг авах боломж байгаагүй болохоор бид зохиомжийн аргаар түүний өнгөрсөн амьдралыг ойрхон газар авсан.

-Дүр сонголтын хувьд яриач?

-Энэ талд нэлээн эрэл хайгуул болсон шүү. Тамирчин баймаар охин тоглуулах гэж хэсэг сураглаж, сонгон шалгаруулалт хийсний эцэст Т.Жинжиймаа гэдэг охиныг тоглуулсан. Харин туслах дүрд Б.Базаррагчаа, О.Оюун, Н.Ялалт, Б.Шинэбаяр, Б.Батмэнд, О.Анужин нар тоглосон.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Д.Сумъяа: Туулсан амьдралаараа кино хийлгэнэ гэдэг ховор боломж шүү дээ   
Үзсэн: 9275 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
зочин [202.126.89.xxx] 2016-10-11 11:31
Токиогийн Grand - Slam -д монгол хүн түрүүлэж үзээгүй Тэнд очиж түрүүл Одоо болно найр наадам кино ший олдоно гайгүй Ододын өвчин тусаж нэг баларах бий дээ
Зочин [180.149.98.xxx] 2016-10-04 09:49
Маш сайн энэ кино үзээд хүмүүс их зүйлийг ухаарах байх Сумъяа олимпийн аврага болоорой гэж ерөөе.
Зочин [203.91.118.xxx] 2016-09-30 18:48
арай л нэг хүнийг хэт өргөх юм туулширна гэж
degi [202.9.40.xxx] 2016-09-29 14:53
Amjilt. Goe kino bolson
Зочин [43.228.131.xxx] 2016-09-27 08:04
Д.Сумьяа ямар хөөрхөн юм бэ тэр уруул нүд ,шүдийг нь ээ
zochin [202.179.31.xxx] 2016-09-26 18:08
sain bna
Зочин [203.91.114.xxx] 2016-09-26 17:46
үзнээ

Бидэнтэй нэгдээрэй