Колумбын Ерөнхийлөгч Хуан Мануэль Сантос болон "Фарк" босогчдын бүлэглэлийн удирдагч Тимолеон Хименес нар 50 гаруй жилийн туршид үргэлжилсэн зэвсэгт мөргөлдөөнийг эцэс болгох энхийн гэрээнд нийслэл Богота хотноо гарын үсэг зурцгаалаа. Босогчдын удирдагч энэхүү гэрээнд үсэг зурахдаа сумаар хийсэн үзэг ашигласан байна. Мөн энэ үеэр түүхэндээ анх удаагаа "Фарк"-ийн удирдагч Колумбын Ерөнхийлөгч нар гар барьцгаасныг орон нутгийн хэвлэлүүд онцолж байна.
Энхийн гэрээнд гарын үсэг зурах ёслолд оролцогчид энх тайвныг бэлгэдсэн цагаан өнгийн хувцас өмсөцгөөсөн байлаа. Колумбын босогчдын удирдагч энхийн гэрээнд гарын үсэг зурсныхаа дараа зэвсэгт мөргөлдөөний үеэр амь насаа алдсан хүмүүсийн ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлэхийн хамтаар уучлал гуйсан байна. Колумбын Засгийн газар болон босогчдын хоорондын мөргөлдөөн нь 52 жилийн туршид үргэлжилсэн юм. Талууд 4 жилийн туршид үргэлжилсэн яриа хэлэлцээний дүнд өнгөрсөн наймдугаар сард энхийн гэрээ байгуулахаар ийнхүү тохиролцсон юм. "Фарк"-ийн удирдагч гэрээнд гарын үсэг зурсан даруйдаа бүх босогчдоо зэвсгээ хураалгаж, гал зогсоох дэглэмийг дагаж мөрдөхийг тушаасан байна.
Колумбын Ерөнхийлөгч Хуан Мануэль Сантос ч зэвсэгт мөргөлдөөн дууссаныг нийтэд зарлажээ. Энхийн гэрээний дагуу онц хүнд цэргийн гэмт хэрэг үйлдсэнээс бусад босогчдод өршөөл үзүүлэхээр болж байгаа юм. Мөн босогч байсан хүмүүсийг нийгэмшүүлэх, Колумб улсад газрын шинэтгэл хийж, дайны жилүүдэд үйлдсэн гэмт хэргийг мөрдөн шалгах тусгай шүүх байгуулахаар болж байна. Мөн Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлагыг нь энд багтаасан бөгөөд ирэх сард болох бүх нийтийн санал хураалтаар энэ асуудлыг шийдвэрлэхээр тохирсон байна.
| Колумбын Засгийн газар босогчдын бүлэглэлтэй энхийн гэрээ байгууллаа | ||
| Үзсэн: 725 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.