Хэт даврагчид Сингапурын алдарт "Марина Бэй сэндс" зочид буудал руу пуужин харвахаар төлөвлөж байсан байна. Энэ тухай Индонезийн терроризмтэй тэмцэх үндэсний агентлагийн тэргүүн мэдэгдсэн юм. Халдлагыг үйлдэхээр зохион байгуулж байсан хүн нь Бахрум Наим бөгөөд тэрбээр халдлага үйлдэх бэлтгэл ажлыг хангуулахаар тусгай шинжээчдийг Сингапур руу илгээхээр төлөвлөж байсан байна.
Бахрум Наим болон хэт даврагч бүлэглэлийн хэд хэдэн гишүүнийг Индонезийн цагдаагийнхан баривчилсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны дүнд Сингапурт халдлага үйлдэхээр төлөвлөж байсныг нь ийнхүү илрүүлсэн байна. Хэт даврагчид Индонезийн Батам арал дээрх өндөрлөг газраас пуужингаа харвахаар төлөвлөж байжээ. Индонезийн хууль сахиулагчид одоогоос сарын өмнө Сингапурт халдлага үйлдэхээр бэлтгэж байсан хэргээр зургаан иргэнийг саатуулан баривчилсан юм.
Ийнхүү 2002 оноос хойш анх удаагаа Сингапурын нутаг дэвсгэрт террорист халдлага үйлдэхээр төлөвлөж байсан гэдэг мэдээлэл гарч байгаа нь энэ юм байна. Сингапурын Ерөнхий сайд Ли Сянь Лун өнгөрсөн сард АНУ-д айлчлах үеэрээ тус улс хэт даврагчдын бай болоод байгааг хүлээн зөвшөөрч байсан юм. Харин хэт даврагчдын пуужингаар харвахаар төлөвлөж байсан гэгдэж буй "Мариа Бэй сэндс" зочид буудал нь Сингапурын бэлгэ тэмдэг болдог юм. Энэ зочид буудалд казино, тансаг зэрэглэлийн дэлгүүрүүд, 200 метрийн өндөрт орших завь хэлбэртэй усан сан зэрэг байдаг.
| "Марина Бэй сэндс" зочид буудал руу пуужин харвахаар төлөвлөж байжээ | ||
| Үзсэн: 583 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.