Өмнөд Солонгосын шүүх "Лотте" группын тэргүүн Шин Дон Бинийг баривчлах зөвшөөрөл олгох эсэхээ өнөөдөр шийдэх гэж байна. Прокурорынхон түүнийг хууль бусаар хүмүүсийн итгэлийг буруугаар ашиглан асар их ашиг олсон гэж буруутгаж, баривчлах зөвшөөрлийг шүүхээс хүссэн юм.
Өмнөд Солонгостоо томоохонд ордог "Лотте" группын удирдах албан тушаалтнуудтай холбоотой шуугиан сүүлийн үед газар аваад байгаа юм. Өчигдөр "Лотте" группыг үндэслэгчийн 3 дахь эхнэрийг татвар төлөхөөс зайлсхийсэн хэргээр буруутгаж байгааг зарласан юм. Үүний өмнө буюу өнгөрсөн даваа гарагт Өмнөд Солонгосын прокурорынхон "Лотте" группын удирдах зөвлөлийн тэргүүн Шин Дон Бинийг баривчлах зөвшөөрөл олгох хүсэлт гаргасан юм.
Тус группын зөвлөлийн орлогч дарга Ли Ин Вон өнгөрөгч наймдугаар сарын 26-ны өдөр прокурорынхонтой уулзахаас хэдхэн цагийн өмнө нас барсан байдалтайгаар олдсон. Тэрбээр группын хандивын сангууд, мөнгө хөрөнгө шамшигдуулсан, татвар төлөхөөс зайлсхийсэн хэргүүдийн талаар мэдүүлэг өгөх ёстой байсан юм.
Үүний өмнө Өмнөд Солонгосын прокурорууд тус группын хэд хэдэн дээгүүр албан тушаалтны мэдүүлгийг аваад байсан юм. "Лотте" нь нийт 60 гаруй компанийг нэгтгэсэн санхүү, аж үйлдвэрийн томоохон групп юм. Тус группын охин компаниуд нь хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл, санхүүгийн тусламж үйлчилгээ, зочид буудал, барилга, цахилгаан бараа гээд олон салбарт үйл ажиллагаа эрхэлдэг билээ.
| "Лотте" группын тэргүүнийг баривчлах зөвшөөрөл олгох эсэхийг өнөөдөр шийднэ | ||
| Үзсэн: 1764 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.