Францын өмнөд нутгийн "Шантерсье" тосгоны оршин суугчид дүрвэгсдийн хөлд дарагдах нь гэж ихэд болгоомжилж байна. Францын эрх баригчид Кале хот дахь дүрвэгсдийн хуаранг татан буулгаж, хүмүүсийг нь нүүлгэн шилжүүлэхээ амласан. Тэгвэл тэнд амьдарч байсан 800-гаад дүрвэгч цагаачийг "Шантерсье" тосгон руу шилжүүлэхээр төлөвлөж буй юм байна.
Тосгоны иргэд үүнийг эрс эсэргүүцэж байгаагаа илэрхийлэхээр захиргаан дээрээ цуглацгаасан байна. Тус тосгон руу шилжүүлэх дүрвэгсдийн олонх нь Судан, Афганистанаас ирсэн залуу бүсгүйчүүд байх аж. Тэднийг хотын төвөөс 1 км зайд оршдог амралт сувиллын газарт байрлуулахаар төлөвлөж байгаа юм. Дүрвэгчсдийн эхний 100 нь ирэх сарын 15 гэхэд тус тосгонд ирэх аж. Гэвч тосгоныхон хэт их дүрвэгч, цагаач энэ жижигхэн хотод ирснээр аюулгүй байдалтай холбоотой асуудал ч үүсч магадгүй гэж болгоомжилж байна.
Францын Ерөнхийлөгч энэ оны эцэс гэхэд дүрвэгсдийн хотхоныг татан буулгаж, хүмүүсийг нь нүүлгэн шилжүүлэхээр төлөвлөж байгааг хууль сахиулахын ажилтнуудтай уулзах үеэрээ мэдэгдсэн. Тэрбээр мөн улс төрийн өрсөлдөгчдөдөө хандаж сонгуулийн өмнөх компанит ажилдаа энэ асуудлыг ашиглахгүй байхыг ч уриалсан байна. Үүний зэрэгцээ Францын төрийн тэргүүн Их Британи улсад хандаж Кале дахь дүрвэгсдийн хуарантай холбоотойгоор тус улсын зүгээс авч хэрэгжүүлж байгаа хүчин чармайлтад нэгдэхийг уриаллаа.
Орон нутгийн оршин суугчдын ширэнгэн ой хэмээн нэрийддэг энэхүү дүрвэгсдийн хуаранд ойролцоогоор 9 мянга гаруй хүн амьдардаг байна. Тэдний олонх нь Ойрхи Дорнод, Африкийн орнуудын иргэд байдаг аж. Хууль бус цагаач, дүрвэгсдийн хямралаас болж орон нутгийн иргэд болон энэ хуаранд амьдардаг ч дүрвэгсдийн хоорондын харьцаа улам бүр хурцдах болсон юм. Өмнө нь Кале хотын оршин суугчид энэ бүс нутагт дүрвэгсдийг байрлуулахыг эсэргүүцсэн томоохон жагсаал цуглаан хийж байсан билээ.
| "Шантерсье" тосгоны оршин суугчид дүрвэгсдийн хөлд дарагдахаас болгоомжилж байна | ||
| Үзсэн: 574 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.