Шууд Chart

Парламент 598 хууль баталсан. Амьдралд хэрэгждэг нь хэд вэ?

2016-09-28 17:17:59

Парламент 598 хууль баталсан. Үүнээс амьдралд хэрэгждэггүй 130 гаруй хууль байна гэж зарим мэргэжилтэн үздэг. Ер нь Монголын хууль 3 хоног гэж иргэд шүүмжилдэг. Тэгвэл энэ асуудлаар тойм мэдээлэл бэлтгэлээ.

Өнөөдөр "Хууль бүтээх үйл ажиллагааны шинжлэх ухааны үндэс" сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурал боллоо. Энэ үеэр яригдсан гол асуудал бол Монголд нутагшихгүй, орчуулгын хууль хэт олширсноос хууль үнэгүйдэх болсон гэж зарим судлаач үзэж байна. Ер нь бараг Монгол хэлний тухай хууль л Монголын хууль байх. Бусад нь бараг бүгд гаднаас хуулсан гэж хатуухан шүүмжлэх хэсэг ч бий. Үүнтэй санал нийлэхгүй хэсэг ч байгаа. 1992-2006 он хүртэл батлагдсан, нэмэлт өөрчлөлт орсон, хүчингүй болсон хуулиудын тоог дээрх хугацааны ажлын өдөрт хувааж багцаа тоо гаргавал УИХ өдөрт гурван хуульд өөрчлөлт оруулах, эсвэл шинээр баталж байгаа дүн гарсан байна. Гэтэл УИХ хавар, намрын хоёр чуулгантай. Ажлын таван өдрөөс хоёр өдөрт нь л нэгдсэн хуралдаантай байдаг гээд бодохоор яг л үйлдвэрийн машин шиг ажилласан байгаа юм.

Хууль хэрэгждэггүйн хамгийн сүүлийн жишээ бол “Тамхины хяналтын тухай хууль”. Албан байгууллага, гудамж талбайд, олон нийтийн газар тамхи татчихаад торгуулж байгаа хүн өнөөдөр байна уу. Ер нь хууль баталдаг төр өөрөө хуулиндаа захирагддаг уу гэсэн асуултад иргэдийн дийлэнх нь үгүй гэж хариулдаг. Жишээ нь, УИХ-ын гишүүний халдашгүй дархан байдал гэдгээр түүний хууль бус үйлдлийг хаацайлдаг. Аливаа хууль дүрэм хүн бүрт тэгш үйлчлэх ёстой. Гэтэл замын хөдөлгөөний дүрэм төрийн өндөрлөгүүдэд үйлчилдэггүй, тэд зам хааж давхидаг. Мөн Татварын өршөөлийн хууль буюу эдийн засгийн ил тод байдлын тухай хууль байна. Татвараас зайлсхийсэн гэмт этгээдүүдийг өршөөдөг. Татварын хууль тогтоомж нь хэрэгждэггүй учир татвараас зугтаж болоод байгааг харуулж, эцэстээ өршөөлд хамрагдаж болдгийг бас харуулаад байгаа юм.  Мөн тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль хэрэгждэг гэхэд хэцүү, хэрэгждэггүй гэхэд бас л хэцүү. Жишээ нь, Богдхан уулын дархан цаазат газар нутагт буюу Зайсан толгой орчимд хамгийн өндөр үнэтэй газрын наймаа явж байна. Гэтэл энэ бол дархан цаазат газар. Энэ мэтээр төсвийн тухай, архидан согтуурахтай тэмцэх тухай, хүнсний тухай хууль, ашигт малтмалын тухай, урт нэртэй хууль гээд хэрэгждэггүй олон хууль тогтоомж бий.

Сонгуулийн тухай, Өршөөлийн тухай, Эдийн засгийн ил тод байдлын тухай болон уул уурхай, ашигт малтмал, төсөв санхүүтэй холбоотой чухал хуулиудыг олон нийтийн анхааралд өртөхөөргүй үеэр буюу цагаан, сар, шинэ жил, үндэсний их баяр наадмын үеэр эсвэл шөнө дөлөөр хуралдаж баталдаг гэсэн шүүмжлэл их бий.

Энэ талаар Эрхүүгийн улсын их сургуулийн профессор М.Г.Триских “ОХУ ойролцоогоор 5 мянга орчим хуультай. Хамгийн гол нь хуулийг хэрэгжүүлэх хатуу шаардлага тавьдаг. Мөн ОХУ-ын хувьд хууль батлах ажил их олон шат дамжлагатай, бас нилээд төвөгтэй. Монгол Улс ОХУ хоёр эрх зүйн тогтолцоо ижил талууд их бий. Гэхдээ өөр улс орнуудын хуулийг 100 хувь хуулбарлаж тавих нь их хор уршигтай. Заавал үндэсний онцлогийг тусгах шаардлагатай гэж үздэг” гэж ярилаа.

Харин Хандуны их сургуулийн профессор Дэвид Коллер “АНУ-д батлагдсан хуулинд эргээд заавал дүн шинжилгээ хийж байна. Ингэхдээ зөвхөн хуульчид биш хуулийн нөлөөнд автдаг бүх хэсгийн төлөөллөөс байлцуулж, тухайн хууль амьдралд хэрэгжээд явах боломжтой байна уу, үгүй юу гэдгийг асуудаг. Үнэхээр ашиггүй хууль байвал өөрчлөх эсвэл эргүүлэн татдаг” гэсэн юм.

Сонгуулийн тухай, Өршөөлийн тухай, Эдийн засгийн ил тод байдлын тухай болон уул уурхай, ашигт малтмал, төсөв санхүүтэй холбоотой чухал хуулиудыг олон нийтийн анхааралд өртөхөөргүй үеэр буюу цагаан, сар, шинэ жил, үндэсний их баяр наадмын үеэр эсвэл шөнө дөлөөр хуралдаж баталдаг гэсэн шүүмжлэл их бий. УИХ зөвхөн 2006 оноос хойш нийт 197 хуулийг баяр, наадам дөхүүлж баталсан гэж Д.Тэрбишдагва гишүүн мэдээлж байсан удаатай. Дээр нь парламентын залгамж чанар дөрвөн жил тутамд УИХ-ын 60 орчим хувь нь шинэчлэгддэг. Үүнээс болж парламентаас баталж байгаа хуулийн тогтвортой байдал, залгамж чанар алдагдсан. Уг нь парламент дээд, доод танхимтай байх ёстой. Мөн хууль санаачлах эрх мэдэлд хэмжээ хязгаар тавих ёстой. Өөрөөр хэлбэл, томоохон хуульд өөрчлөлт оруулах бол парламентын 3-ны нэгээс доошгүй гишүүн нийлж байж төсөл өргөн барих. Эсвэл татварын тухай хууль зэргийг зөвхөн Засгийн газар санаачилна гэх зэргээр босго тавих шаардлага бий гээд олон асуудал байна.

Гэтэл төсөв санхүүгийн боломж, хүн амын мэдлэг, ойлголт, төрийн боломж зэргийг үл харгалзан ямар ч судалгаагүй хуулийг хэн дуртай нь санаачилж, зүтгүүлсээр байгаад батлуулчихдаг. Дараа нь амьдралд хэрэгждэггүй. Тэгээд өөрчлөлт хийдэг. Эсвэл хүчингүй болгодог. Жишээ нь, Аж ахуйн үйлчилгээний тусгай зөвшөөрлийн тухай хуулийг баталснаас хойш нийт 57 удаа нэмэлт өөрчлөлт оруулсан байна. Ер нь хуулиудын давхардал, өөр хоорондын зөрчил их. Ийм хуулиудаас болж төрийн байгууллагуудын ажил үүрэг давхардах, хоорондоо зөрчилдөх, уялдаа холбоогүй ажиллахад хүргээд байна гэж үзэж байгаа юм. 1993-1999 он хүртэл 191 хууль баталснаас 99 нь хүчин төгөлдөр үйлчилж, 92 хууль хүчингүй болжээ. 2000-2006 онд 217 хууль батлагдсан ч 144 нь хүчин төгөлдөр, 73 нь хүчингүй болсон байна. Мөн 2007-2013 онд 187 хууль баталсны 154 нь хүчин төгөлдөр мөрдөгдөж, 33 хууль хүчингүй болжээ. Шинээр батлагдаж байгаа хуулийн 50 хувь нь хүчинтэй, 50 хувь нь хүчингүй, эсвэл өөрчлөлт орсон байна.  Иймд хуулийн тухай хууль буюу хууль тогтоомжийн тухай хуулийг УИХ баталсан. Ирэх оноос хэрэгжиж эхлэх юм.

1993-1999 он хүртэл 191 хууль баталснаас 99 нь хүчин төгөлдөр үйлчилж, 92 хууль хүчингүй болжээ. 2000-2006 онд 217 хууль батлагдсан ч 144 нь хүчин төгөлдөр, 73 нь хүчингүй болсон байна. Мөн 2007-2013 онд 187 хууль баталсны 154 нь хүчин төгөлдөр мөрдөгдөж, 33 хууль хүчингүй болжээ. Шинээр батлагдаж байгаа хуулийн 50 хувь нь хүчинтэй, 50 хувь нь хүчингүй, эсвэл өөрчлөлт орсон байна. 

Өнгөрсөн онд 544 хуульд судалгаа хийжээ. Дээрх хуулиудад дагалдах дүрэм журам гаргах тухай 1544 зүйл заалт агуулагдаж байна. Үүнээс 890 орчим буюу 58 хувь нь л гарчээ. Үлдсэн 42 хувь нь батлагдаагүй байгаа юм.  Гэтэл хууль тогтоомж амьдралд хэрэгжихийн тулд түүнийг дагалдан гарах дүрэм, журам буюу орчин нөхцөл заавал бүрдсэн байх шаардлагатай. Зөвхөн хууль батлаад хаячихаж болохгүй. Дагах дүрэм журам, төсөв хөрөнгө, 2-3 жил хэрэгжсэний дараа эргэж харах, дүн шинжилгээ хийх шаардлага байгааг хэлж байлаа.

Б.Пүрэв

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Парламент 598 хууль баталсан. Амьдралд хэрэгждэг нь хэд вэ?  
Үзсэн: 1163 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [103.57.93.xxx] 2016-10-01 17:36
ЗӨВ ШҮҮ

Бидэнтэй нэгдээрэй