АНУ-ын эрх баригчид Сирийн Алеппо муж дахь аядуу зөөлөн бодлоготой сөрөг хүчнийхэнд цэргийн дэмжлэг үзүүлэх боломжийг судалж байгаа тухай "Ройтерс" агентлаг дамжуулж байна. Америкийн эрх баригчдын нэрээ нууцлахыг хүссэн эх сурвалж энэ тухай мэдээлсэн юм байна. Түүний мэдээлснээр Сирийн сөрөг хүчинд зэвсэг нийлүүлэхийн зэрэгцээ, агаараас дэмжлэг үзүүлэх асуудал яригдаж буй аж. Түүнчлэн Курд болон Сирийн сөрөг хүчнийхэн рүү цэргийн зөвлөхүүдийг илгээж, Газар дундын тэнгисийн зүүн хэсэгт тэнгисийн болон агаарын хүчнийхнээ нэмж байрлуулах асуудлыг ч судалж буй юм байна. Үүний зэрэгцээ Сирийн сөрөг хүчнийхэнд тусламж үзүүлэх хүмүүнлэгийн агаарын хонгил нээх төлөвлөгөөг ч хэлэлцэж байгаа аж. Өчигдөр АНУ-ын төрийн департаментын хэвлэлийн нарийн бичгийн дарга Жон Керби ОХУ болон Сирийн Засгийн газрын хүчин Алеппогийн эмнэлэг, усан хангамж болон иргэний бусад дэд бүтцэд цохилт өгсөнд гүнээ сэтгэл зовниж байгаагаа илэрхийлсэн юм.
Мөн ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровт Сиритэй холбоотой асуудлаарх хоёр талын хамтын ажиллагааг цуцлахаар төлөвлөж байгааг мэдэгдсэнээ мэдээлсэн юм. Тодруулбал, ОХУ Алеппо дахь халдлагаа зогсоож, гал зогсоох дэглэмийг сэргээхгүй бол терроризмтэй тэмцэх тал дээр хамтрахгүй гэдгээ илэрхийлээд байна. Харин ОХУ үүний хариуд Сирийн хямралыг зохицуулах хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхэд бэлэн гэдгээ илэрхийлсэн байна. ОХУ-ын зэвсэгт хүчний Ерөнхий штабын шуурхай удирдлагын тэргүүний нэгдүгээр орлогч, дэслэгч генерал Виктор Познихир Ерөнхийлөгч Путины даалгавраар ийм шийдвэрт хүрснийг мэдэгдсэн юм. Энэ сарын 9-ний өдөр ОХУ, АНУ-ын Гадаад хэргийн сайд нар Женев хотноо 14 цагийн туршид хэлэлцсэний эцэст Сирид гал зогсоох тохиролцоонд хүрч, хоёр талын цэргийн ажиллагааг зохицуулахаар тохиролцоонд хүрсэн юм. Харин 19-ний өдөр гал зогсоох дэглэмийн хугацаа дууссан бөгөөд Сирийн арми Оросын агаар сансрын хүчний дэмжлэгтэйгээр Сирийн сөрөг хүчний түшиц газар болсон Алеппо руу өргөн хүрээтэй дайралт хийж эхлээд байгаа юм.
| АНУ Сирийн сөрөг хүчнийхэнд цэргийн дэмжлэг үзүүлэх асуудлыг хэлэлцэж байна | ||
| Үзсэн: 695 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.