Шууд Chart

АНУ-ын конгресс Ерөнхийлөгч Обамагийн хориг тавьсан хуулийг баталлаа

2016-09-29 12:16:55

АНУ-ын  Конгрессын  дээд танхим  Ерөнхийлөгч Барак Обамагийн хориг тавьсан хуулийг  батлаад  байна.  Конгрессын хоёр танхим олонхийн  саналаар  2001 оны есдүгээр сарын 11-ний террорист халдлагад өртөгсдийн ар гэрийнхэнд Саудын Араб улсын эрх баригчдын эсрэг шүүхэд хандах боломжийг олгосон хуулийг баталжээ. Америкийн Конгресс  Барак  Обамаг  төрийн  тэргүүнээр  ажилласан  8 жилийн  хугацаанд анх удаагаа  хориг тавьсан хуулийг нь  батлаад  байгааг хэвлэлүүд онцолж байна.

Ерөнхийлөгчийн хоригийг давж  энэ хуулийг батлахын тулд  Конгрессын хоёр танхим дахь гишүүдийн гуравны хоёр нь дэмжих ёстой байдаг. Тэгвэл  сенатын 100 гишүүний  97 нь, төлөөлөгчдийн танхимын  450 гишүүний  348 нь  энэ хуулийг  дэмжин  баталсан байна.   Ерөнхийлөгчийн  засаг  захиргаа  Конгрессийн хоёр танхимын  энэ шийдвэрийг  хүндээр  хүлээж  авч байгааг Цагаан ордны албан ёсны  төлөөлөгч  Жош Эрнестийн мэдэгдэл  баталж  байна. Тэрбээр  энэ бол  сүүлийн 10 жилд  сенатын  хийсэн  хамгийн  ичгэвтэр  алхам  байлаа.  Ард  иргэдийн  төлөөлөл  болон  сонгогдчихоод  суурь  үүрэг  хариуцлагаа  биелүүлэхээс  татгалзлаа гэж мэдэгдсэн юм.

Гэвч  олон  нийт  энэ  хуулийн  төслийг  дэмжиж байсан нь Конгрессын дээд, доод танхимын гишүүдийн саналд  нөлөөлсөн гэж  ажиглагчид үзэж байна. Учир нь Ерөнхийлөгчийн  хоригийн эсрэг  санал өгсөн  гишүүдийн дунд  сөрөг  хүчнийхнээс гадна Барак Обамаг дэмждэг Ардчилсан намын гишүүд  ч  багтаж  байсанд оршино гэж  ажиглагчид тэмдэглэж  байна.

Энэ  хуулийн төслийг Конгрессын хоёр танхим  өмнө  нь дэмжин  баталсан юм.  Гэвч  өнгөрсөн долоо хоногт Ерөнхийлөгч  Обама  хориг  тавьсан  учир ийнхүү дахин  санал хураалт явуулахад  хүрсэн юм. Ерөнхийлөгч  Барак Обама  энэ хуулийн төсөл  Америкчуудыг террорист  халдлагаас хамгаалж  чадахгүй гэж үзэж байсан. Мөн Ерөнхийлөгчийн засаг захиргааныхан энэ хууль батлагдсанаар гадаадын  иргэд, Засгийн газар  Америкийн засаг захиргааны эсрэг шүүхэд гомдол гаргах боломж  олгохыг  анхааруулж байсан.  Түүнчлэн хилийн чинадад  ажилладаг  дипломатууд, цэргийнхэн мөрдөлт мөшгилтөд өртөх аюул  эрсдэл гарна гэж болгоомжилж  байсан юм.

 



Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ-ын конгресс Ерөнхийлөгч Обамагийн хориг тавьсан хуулийг баталлаа   
Үзсэн: 828 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй