Шууд Chart

Украинд дундаж цалин 3.2 хувиар буурчээ

2016-09-29 15:19:02

Өнгөрөгч наймдугаар сард Украинд дундаж цалин өмнөх долоодугаар сарынхтай харьцуулахад 3.2 хувиар буурч, 5202 гривеньд хүрсэн  байна. Энэ тухай тус улсын статистикийн төв  газраас  мэдээлсэн юм. Энд мэдээлснээр  сарын дундаж цалин наймдугаар сард 172 гривнээр буурчээ.

Украинд нисэхийн салбарт ажиглагчид хамгийн өндөр цалинтай байдаг байна. Тэд дунджаар 26 мянга 457 гривень буюу мянга орчим долларын цалинг сардаа авдаг байна. Харин сарын цалингийнхаа хэмжээгээр хоёрдугаарт санхүүчид, даатгалын ажилтнууд  бичигддэг  байна. Тэдний дундаж цалин 10 мянга 860 гривень буюу 400 орчим америк доллар байдаг байна.

Мэдээллийн болон холбоо харилцааны салбарт ажиллагсдын дундаж цалин сардаа 370 орчим долларт хүрдэг байна. Бүс нутгаар нь   ялгавал нийслэл Киевт дундаж цалин хамгийн өндөр байдаг аж. Харин Засгийн газрын цэргүүд болон босогчдын хоорондын  мөргөлдөөн болж байгаа Донецк  мужид  дундаж цалингийн хэмжээ хоёрдугаарт бичигдэхээр өндөр байдаг байна. Харин хамгийн багад нь Тернополь, Черновиц муж ордог байна.

Америк долларын ханшны зөрүүгээс болж Украинд дундаж цалингийн хэмжээ хоёр дахин буурсан  гэж  статистикчид үздэг байна.  Үүний зэрэгцээ орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн дамжуулж байгаагаар  Украины  олон бүс нутагт төсвийнхний  цалинг тавьж чадахгүй болчихоод буй юм байна. Одоогоор  цалинг нь  хэд хувааж байж олгож байгаа учир  эмч, багш нар юу юугүй жагсаал  цуглаан  зохион байгуулахад  бэлэн болжээ.

Шинжээчдийн таамаглаж байгаагаар төсвийн мөнгө нь хаанаа ч хүрэлцэхгүй байгаа төдийгүй энэ оны эцэс гэхэд байдал улам хүндэрнэ гэж анхааруулж байна. Төр үйлдвэр аж ахуйн газруудад нийтдээ 57 сая ам.доллартай тэнцэх  хэмжээний өр тавьжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Украинд дундаж цалин 3.2 хувиар буурчээ  
Үзсэн: 672 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй