Шууд Chart

Нью Жерсид болсон галт тэрэгний ослын шалтгааныг мөрдөн шалгаж эхэлжээ

2016-09-30 12:11:07

АНУ-ын  Нью  Жерси мужид болсон  галт тэрэгний  ослын шалтгааныг мөрдөн шалгах ажиллагаа эхэлсэн байна. Холбооны төмөр замын тээврийн удирдах  газар,  Тээврийн үндэсний  аюулгүй  байдлын  зөвлөлийн  албан  ёсны  төлөөлөгчид  ослын  шалтгааныг тодруулахаар  галт тэрэгний "Хобокен" буудалд ажиллаж  байна.

Одоогоор  ослын  шалтгааны талаар мэдээлэхэд бэлэн биш байгаа ч  террорист  халдлагатай холбоогүй  гэж  баталж  байна.  Орон нутгийн  хэвлэлүүдийн дамжуулж байгаагаар  галт тэрэгний  ослын  уршгаар  нэг хүн  амь насаа алдсан  байна.   Мөн  галт тэргэнд  сууж явсан болон "Хобокен" буудал  дээр  байсан  250 хүнээс 108 нь гэмтэж  бэртээд  байгаагийн  ихэнх нь эмнэлэгт  эмчлүүлж байна. 

Төмөр замын "Хобокен" буудалд  өглөө хүн ихтэй  цагаар  энэ  осол гарсан юм.  Зорчигч  тээврийн галт тэрэг  буудлын  тавцанг  мөргөж,  тулгуур  баганыг  нь  нурааснаас  болж  төмөр замын  буудлын дээвэр  нурж унасан  юм. Галт  тэрэг буудалд  ойртож  ирэх  үедээ  журамд  зааснаас хурд  ихтэй явж байсан байна. "Эн  Би Си" теле сувгийн мэдээлж байгаагаар  осол гаргасан  галт тэрэг буудалд  ойртох  үед  зохих  хурдыг  хэтрүүлсэн тохиолдолд хурдыг нь автоматаар  сааруулдаг  тусгай  тормозны  системгүй байсан байна.

2011 онд төмөр замын яг энэ буудалд  ижил  төрлийн ийм  осол гарч байсан юм байна. Одоо  мэргэжилтнүүд  осол  болохоос  өмнөх сүүлийн минутад машинист  ямар  арга  хэмжээ авсныг  тодруулахаар ажиллаж  байна.  Мөн өчигдрийн осол  5 жилийн  өмнө  болсон  осолтой  ямар нэг байдлаар  холбоотой эсэхийг  тодруулахыг  чармайж байна.

"Хобокен" буудалд  байсан хүмүүсийг бүгдийг нь нүүлгэн шилжүүлэх арга хэмжээг хэдийнэ  аваад  байна. Одоо шуурхай албадынхан  дээвэр бүрэн  нурахаас  урьдчилан  сэргийлэх  алхамуудыг  хийж байна.  "Хобокен"  буудлаар дайрдаг галт тэрэгний бүх хөдөлгөөнийг  түр  зогсоогоод байгаагаас болж  энэ  чиглэлийн  галт тэрэгнүүдийн хуваарь  зөрчигдөөд буй юм байна.  Тиймээс  эрх баригчид  Нью Жерси, Нью-Йоркийн  чиглэлд  нэмэлт автобусууд үйлчилгээнд гаргажээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Нью Жерсид болсон галт тэрэгний ослын шалтгааныг мөрдөн шалгаж эхэлжээ   
Үзсэн: 678 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй