Өмнөд Солонгосын алдарт "Самсунг" компани гологдол бүтээгдэхүүнээсээ болоод дахин асуудалд орж эхэллээ. АНУ дахь зарим хэрэглэгч "Самсунг"-ийн үйлдвэрлэсэн угаалгын машин нь дэлбэрсэн гэсэн гомдол гаргасан байна. Ийм аюул эрсдэл байгааг "Самсунг" компанийхан хүлээн зөвшөөрчээ.
Одоо тус компанийхан АНУ-ын хэрэглээний барааны аюулгүй байдал эрхэлсэн хорооныхонтой энэ асуудлыг хэлэлцэж буй юм байна. "Самсунг"-ийнхны энэ талаарх мэдээлэлд тэмдэглэснээр асуудал доголдол 2011-2016 оны хооронд үйлдвэрлэсэн босоо хүрдны байрлалтай угаалгын машинуудад гарч буй аж. Гэхдээ тус компанийхан яг ямар загварын угаалгын машинуудад ийм асуудал гарч байгааг мэдэгдээгүй байна. Харин хэрэглэгчдэд хандаж "Самсунг"-ийн сайтад загварын дугаарыг оруулж доголдолтой эсэхээ шалгахыг санал болгожээ.
"Уолл Стрит Жорнал"-ын мэдээлснээр өнгөрсөн наймдугаар сард Америкийн 3 хэрэглэгч "Самсунг"-ийн угаалгын машиныг ашиглаж байх явцад дэлбэрсэн гэдэг гомдол гаргасан байна. Тэдний нэг болох Техасын оршин суугч Сото Филдер 2012 оны зургаадугаар сард худалдан авсан "Самсунг"-ийн угаалгын машин 2016 оны хоёрдугаар сард гэнэт дэлбэрсэн гэж мэдүүлж, шүүхэд гомдол гаргасан байна.
Энэ сарын эхээр "Самсунг" компани "Галакси Ноүт 7" утсаа худалдаалж эхэлсэн боловч мөн л зайных нь доголдлоос болж дэлбэрч байна гэсэн хэрэглэгчдийн гомдол санал гарах болсон юм. Тиймээс тус компани энэ загварын ухаалаг утасныхаа худалдааг тодорхойгүй хугацаагаар хойшлуулаад байгаагийн дээр шинээр солих, буцаах боломжийг хэрэглэгчдэд санал болгожээ.
| "Самсунг" компани угаалгын машиных нь зарим загвар аюулгүй байж чадахгүй байгааг хүлээн зөвшөөрчээ | ||
| Үзсэн: 683 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.