Монгол Улсын Гадаад харилцааны сайд Ц.Мөнх–Оргил 9 дүгээр сарын 29-30-ны өдрүүдэд БНСУ-д ажлын айлчлал хийв. Тэрээр БНСУ-ын Гадаад хэргийн сайд Юн Бён Сэтэй албан ёсны хэлэлцээ хийж Монгол, Солонгосын харилцааг бүхий л салбарт гүнзгийрүүлэн хөгжүүлэхээр тохиролцов.
Бидний ойр дотно түнш БНСУ-тай хөгжүүлж буй харилцаанд Монгол Улс өндөр ач холбогдол өгдөг болохыг сайд Ц.Мөнх-Оргил нотолж, хоёр улсын “иж бүрэн түншлэл”-ийн харилцааг улс төр, эдийн засаг, соёл, боловсрол, хүмүүнлэгийн салбарт бэхжүүлэхийг чухалчлав. БНСУ-ын Гадаад хэргийн сайд Юн Бён Сэ Монгол Улстай тогтоосон харилцаагаа эрчимжүүлэн хөгжүүлэх хүсэлтэйгээ нотолж, олон улс, бүс нутгийн тавцанд нягт хамтран ажиллахын төлөө байгаагаа илэрхийлэв.
Сайд Ц.Мөнх-Оргил БНСУ-ын Стратеги, сангийн тэргүүн дэд сайд Чой Сан Мог, БНСУ-ын ЭКЗИМ банкны Ерөнхийлөгч Ли Док Хүн, КОЙКА-гийн Ерөнхийлөгч Ким Ин Шик нартай тус тус уулзаж, эдийн засгийн хүндрэл бэрхшээлийг богино хугацаанд даван туулж, тогтвортой хөгжлийг хангахад БНСУ-тай хөгжүүлж буй эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагаа чухал ач холбогдолтой болохыг онцлон тэмдэглэв. Монголын эдийн засгийн бүтцийг төрөлжүүлж, хөдөө аж ахуй, боловсруулах үйлдвэрлэл, дэд бүтцийг хөгжүүлэхэд БНСУ-ын туршлага, технологийг нэвтрүүлж, хувийн хэвшлийн хэлхээ холбоо, хөрөнгө оруулалтыг дэмжиж ажиллахаа хоёр тал нотлов.
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.