Их Британийн ард иргэд Европын холбооноос гарахаар өөрсдийн саналыг илэрхийлсэн ч энэ үйл явц албан ёсоор эхлээгүй байгаа. Тэгвэл ирэх оны гуравдугаар сар гэхэд Брэкситыг албан ёсоор эхлүүлнэ гэдгээ тус улсын ерөнхий сайд Тереза Мэй мэдэгдлээ.
Тэрбээр өчигдөр "Би Би Си" телевизэд өгсөн ярилцлагынхаа үеэр Европын холбооны хэлэлцээрээс гарах тухай Лиссабоны гэрээний 50-р заалтыг хэрэгжүүлж эхлэх цаг хугацааны төлөвлөгөөгөө танилцуулсан байна. Энэ үйл явц 2 жил үргэлжлэх бөгөөд 2019 он гэхэд Их Британи Европын холбооны гишүүнчлэлээс бүрэн гарах юм.
Ингэснээр холбооны бусад 27 гишүүн улс оронтой байгуулсан гэрээ хэлэлцээрээс гарч, улс эх орны хэргийг холбооны хууль тогтоомжийн дагуу бус өөрийн улсын дотоодын хууль дүрмийн дагуу шийдвэрлэх бүрэн эрхтэй болно. Гэхдээ энэ бүхэн Европын Холбооны гишүүнчлэлээс гарах гэрээний 50 дугаар заалтыг хэрэгжүүлж дуусахаас нааш хүчин төгөлдөр бус гэсэн үг.
Гэхдээ Европын Холбооны хууль тогтоомжийг дотоодын хууль дүрэмдээ нэмэлтээр оруулах байдлаар одоо хэрэгжиж байгаа зарим нэг хууль журмыг хэвээр үлдээх боломжийн тухай хууль тогтоогчидтой ярилцах болно гэдгээ хатагтай Мэй хэлсэн байна. Учир нь Их Британид амьдарч байгаа Европын иргэд болон Европт амьдарч байгаа Их Британичуудын эрх зөрчигдөж болохгүй учир тэдэнд таатай байх бололцоог эрэлхийлэх болно гэдгээ ч дурдсан юм. Хатагтай Мэй мөн ярилцлагынхаа үеэр Их Британи Европын Холбооноос гарах нь тус улсыг бие даасан, бүрэн эрхт улс байхад чухал үүрэгтэй гэдгийг ч онцолсон юм.
Ийнхүү тус улс Европын Холбооны гишүүнчлэлээс бүр мөсөн гарах үйл явцыг албан ёсоор эхлүүлэх товыг зарласнаар олон эрсдэл хүлээж байгаа гэдгийг ч шинжээчид энэ зуур сануулж байна. Тухайлбал гишүүн орнуудын чөлөөт худалдааны гэрээ, мөн иргэд Европын Холбоон дотор визгүй зорчих гэх мэт асуудал байхгүй болно.
Гэсэн ч ард иргэд нэгэнт өөрсдийн сонголтыг хийсэн, одоо түүнийг хэрэгжүүлэх л үлдэж байна гэсэн юм. Өнгөрсөн зургадугаар сарын 23-нд тус улс Европын Холбооноос гарах тухай бүх нийтийн санал хураалт явуулсны дараа Английн эдийн засаг улам уян хатан болсон гэх боловч экспортын орлого болон аялал жуулчлалаас орж ирдэг мөнгөн урсгал багассанаар фунтын ханш огцом буурсан ч Английн банкнаас зах зээлд нийлүүлсэн бэлэн мөнгө энэ байдлыг тэнцвэржүүлж чадсан гэж эдийн засагчид үзэж байна.
| Их Британи ЕХ-ноос гарах үйл явц ирэх оны эхээр эхэлнэ | ||
| Үзсэн: 834 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.