Шууд Chart

Унгарын иргэд цагаачдын квотыг эсэргүүцсэн санал өгчээ

2016-10-03 14:45:18

Унгарын Засгийн газар цагаачдын квотыг эсэргүүцэхийг уриалж, ард түмнийхээ дунд бүх нийтийн санал асуулга явуулсны эцэст тус улсын Засгийн газар ялалт байгуулснаа зарлалаа. Хэдий Унгарын ерөнхий сайд Виктор Орбан энэ тухай мэдэгдэж, ялалтаа тэмдэглэж эхэлсэн ч энэ үр дүн сонгуулийн тойргийн 43 хувийг тоолсны дараах дүн гэнэ.

Энэ тоо 50 хувьд хүрч байж санал хураалтын эцсийн үр дүн хүчин төгөлдөр болох юм. Одоогийн байдлаар 3 сая 250 мянган хүн Засгийн газрынхаа шийдвэрийг дэмжсэн санал өгсөн байна. Мөн 2003 онд тус улс Европын Холбоотой нэгдэх эсэхийг шийдвэрлэх бүх нийтийн санал хураалтын үеэр мөн ийм тооны сонгогчид нэгдэхийг дэмжсэн санал өгсөн юм. Гэвч Засгийн газрын сөрөг хүчин эрх баригчдыг шаардлагатай дэмжлэгээ аваагүй байгаа гэдгийг нь ч сануулж байна.

Ерөнхий сайд ноён Орбан Европын Холбооны шийдвэр гаргагчдад хандан Унгарын ард түмний энэ шийдвэрийг хүндэтгэн үзэхийг сануулаад цагаачдын квотыг эсэргүүцсэн шийдвэртэй холбоотойгоор үндсэн хуульд ч зарим нэг өөрчлөлтийг оруулна гэдгээ мэдэгдлээ. Европын Холбооны төлөвлөгөөгөөр бол 160 мянган цагаачийг гишүүн улс орнууддаа тархаан байршуулах ёстойгоос тус улс 1294 орогнол хүсэгчдийг хүлээн авахаар болоод байгаа юм. Өнгөрсөн жилд л гэхэд дүрвэгчдийн хямралын үеэр Унгар Улс Герман болон Европын бусад улс орнууд руу зорчих дүрвэгчдийн хөлд дарагдсан.

Энэ удаад цагаач болон дүрвэгчдийг их хэмжээгээр хүлээн авахаас татгалзаж байгаа нь хүний эрхийн байгууллагуудаас шүүмжлэл сонсохын зэрэгцээ Европын холбооны нэгдмэл байдалд ч сөргөөр нөлөөлж болзошгүй байна. Хөрш Словак, Румын зэрэг улс орнууд ч дүрвэгч, цагаачдыг хүлээн авах Европын Холбооны квотыг эсэргүүцсэн байр суурьтай байгаа. Магадгүй Унгарын санал хураалтын эцсийн үр дүн Холбооны бодлогыг ойрын хугацаанд эргэн харахад хүргэх байх гэсэн таамгийг шинжээчид өгч байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Унгарын иргэд цагаачдын квотыг эсэргүүцсэн санал өгчээ  
Үзсэн: 612 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй