АНУ Сирийн асуудлаар ОХУ-тай яриа хэлэлцээ хийхээ түр зогсоолоо. Учир нь Сирид гал зогсоох дэглэм үйлчлэхгүй, аль аль тал нь амлалтаа биелүүлээгүйгээс үүдэн ийм шийдвэрт хүрчээ. Өчигдөр төрийн департментаас энэ тухай албан мэдэгдэл танилцууллаа.
Үүнд "АНУ ОХУ-ыг Сирид гал зогсоох яриа хэлэлцээрийнхээ амлалтуудыг биелүүлээгүй, хүч хэрэглэсэн учир Сирийн асуудлаар 2 талын яриа хэлэлцээг зогсоож байгаагаа мэдэгдье" гэсэн байна. Мөн "Сирийн засгийн газар, ОХУ зэр зэвсгээр хөөцөлдөж, хүмүүнлэгийн тусламжийн байр болон эмнэлэг, сургууль руу халдсан нь бидний итгэлийг нураалаа.
Магадгүй тэд гал зогсоох яриа хэлэлцээрт хүрэхэд бэлэн биш байгаа бололтой" гэсэн байна. Харин ОХУ-ын талаас АНУ-ын энэ мэдэгдэлд харамсаж байгаагаа илэрхийллээ. Мөн америкийн нөхөрсөг бус энэ шийдвэрийн хариуд зэвсгийг бууруулж, хангалттай их хэмжээний цөмийн бөмбөг үйлдвэрлэхэд ашиглаж болохуйц 34 тонн плутонийг устгахаар тохиролцсон 2 талын хэлэлцээрийн хэрэгжилтийг ч мөн зогсоож байгаагаа мэдэгдэв. Мөн ОХУ Сирид энх тайван байдлыг бий болгохын тулд АНУ-тай Сирийн асуудлаар яриа хэлэлцээрээ үргэлжлүүлэхийг эцсийн мөч хүртэл хичээсэн гэдгээ ч хэлсэн юм.
Ийнхүү Сирийн босогчдыг дэмжигч АНУ болон засгийн газарт дэмжлэг үзүүлэгч ОХУ хоорондын Сирийн хямралыг зохицуулах яриа хэлэлцээ дуусгавар болж байна. Ингэснээр Сирид зэвсэгт мөргөлдөөн улам бүр хурцдах төлөвтэй боллоо. Хэдийгээр НҮБ-аас хямралыг зохицуулах улс төрийн шийдвэрт хүрэхийг сөргөлдөгч талуудаас шаардах боловч голлох үүрэгтэй АНУ, ОХУ-ын таагүй харилцаанаас үүдэн төдийлөн амжилт олохгүй болохыг харуулж байна.
| Сирийн асуудлаарх яриа хэлэлцээ түр зогслоо | ||
| Үзсэн: 905 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.