Шууд Chart

Сайд Ц.Мөнх-Оргил ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ

2016-10-05 09:51:27

Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил тус яаманд ажиллаж байгаад гавьяаныхаа амралтанд гарсан үе үеийн ахмадуудаа 10 дугаар сарын 3-ны өдөр хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Уулзалтанд 230 орчим ахмадууд хүрэлцэн ирсэн бөгөөд Ц.Мөнх-Оргил сайд салбарын бодлого, үйл ажиллагаа, хийж буй ажлынхаа талаар танилцуулж, тэдний санал сэтгэгдлийг сонслоо.

Сайд Ц.Мөнх-Оргил хэлэхдээ “Дипломат ажлын гараагаа эхэлж байсан цаг мөчөөс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд тусалж, зөвлөж, тулж түшиж ирсэн азай буурлууд, ахмад дипломатуудтайгаа Монгол төрийн алтан аргамж болсон орчин үеийн дипломат албаны 105 жилийн ойн босгон дээр уулзаж байгаадаа туйлын баяртай байна  гээд улс орнуудтай хөгжүүлж буй улс төрийн харилцааг эдийн засгийн агуулгаар баяжуулах,  Монгол Улсаа гадаадад зөв сурталчилж таниулах, гадаадад буй монгол иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах чиглэлд ахмад дипломатууд та бүхний үнэтэй сургаал зөвлөгөө агаар ус мэт шаардлагатай  гэдгийг тэмдэглэн хэлэв.

Уулзалтын үеэр улс орныхоо гадаад харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд оюун ухаан, мэдлэг чадвар, хүч хөдөлмөрөө зориулж ирснийг нь үнэлж Ц.Буянбадрах, Г.Жаргалсайхан, О.Пунцагдаш нарыг Хүндэт дипломат тэмдгээр шагнав.

Түүнчлэн Монгол Улс НҮБ-д элссэний 55 жилийн ойд зориулан ахмад дипломат Ц.Нямсүрэнгийн  санаачилгаар үзэсгэлэн гаргасан нь ахмадуудын анхаарлыг татаж байлаа. Энэхүү үзэсгэлэнг Гадаад яамны Орлогч сайд, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Эрдэмбилэгийн 1962-1963 онд НҮБ-ын 17 болон 18 дугаар чуулганд оролцох үеэрээ зурсан хөрөг зургаас түүвэрлэн гаргасан байна. Ахмад дипломат Д.Эрдэмбилэг НҮБ-ын чуулганд оролцогсдын хөрөг зургийг өөрийн тэмдэглэлийн дэвтэртээ зурж үлдээснийг ийнхүү Олон Улсын ахмадын баяраар олны хүртээл болгов.


Сайд Ц.Мөнх-Оргил ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ  
Үзсэн: 1101 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй