Шууд Chart

Чаба хар салхи Япон, Өмнөд Солонгосын нутгийг дайран өнгөрч байна

2016-10-05 11:56:22

Хуй салхины аюулын зэрэглэлээрээ 4 дүгээр ангилалд орох, Номхон далайн маш хүчтэй Матью хэмээх хар салхи Карибын улс орнуудад аюул дагуулаад байгаа. Уг байгалийн гамшигт үзэгдлийн улмаас Гаитид 70 мянга гаруй хүн үерт автан, эрчим хүч, цахилгаан холбоо бүгд тасраад байна. Мөн салхины эрчээрээ түүнээс арай бага Чаба хар салхи Япон болон Өмнөд Солонгосын урд хэсгүүдийг дайран өнгөрч багагүй хэмжээний гарз хохирол учруулж эхэллээ.


Солонгосын хойгийн өмнөд хэсгүүдэд аюул учруулаад байгаа Чаба хар салхи нь 30 км цагийн хурдтайгаар умардаас зүүн умард зүг шилжиж байна. Өнөөдөр Өмнөд Солонгосын Чежү болон Бусан хотуудад хар салхинаас үүдэлтэй маш хүчтэй салхи салхилж, усархаг аадар бороо ширүүн орж, далайн түрлэг нэмэгдсэн талаар орон нутгийн хэвлэлүүд мэдээлж байна.



Байгалийн гамшигт үзэгдлийн улмаас Чежү хотод  25 мянган айл өрх гэрэл цахилгаангүй болсныг Ёнхап агентлаг уламжилж байна. Мөн эрчим хүчний гэмтлийн улмаас зам дээрх гэрлэн дохионууд ажиллагаагүй болжээ. Хүчтэй шуурганаас үүдэн авиа компаниуд дотоодын болон олон улсын 77 нислэгийг цуцлаад байна.

Чаба хэмээх энэхүү хар салхи нь Японы өмнөд нутгуудыг ч мөн дайран өнгөрч байгаа бөгөөд өнөөдөр Нагасаки мужийн Цушима хотын 30 мянган гаруй иргэнийг  нүүлгэн шилжүүлжээ. Мөн мужийн сургууль цэцэрлэг, албан байгууллагууд үүдээ барьж, агаарын болон усан тээврийн бүх хуваарийг цуцлаад байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Чаба хар салхи Япон, Өмнөд Солонгосын нутгийг дайран өнгөрч байна  
Үзсэн: 1571 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй