Сирийн хямралыг зохицуулах асуудлаарх АНУ, ОХУ-ын яриа хэлэлцээ зогссон нь бүс нутгийн байдлыг улам бүр хурцатгах төлөвтэй байна. Барууны эх сурвалжуудын өгч байгаа мэдээллээр ОХУ Сири дэх өөрийн цэргийн бааз руу пуужингийн систем илгээжээ.
ОХУ-ын Батлан хамгаалах яамны төлөөлөгч Игорь Конашенков энэ тухай мэдэгдэхдээ “ОХУ Сирид пуужингийн систем илгээж байгаа нь цэргийн баазын аюулгүй байдлыг хангахын тулд агаараас хамгаалах зорилготой” гэсэн байна. Харин ажиглагчид Оросын энэ үйлдлийг АНУ-ын мэдэгдлээс үүдэн барууныхантай илт дайсагнасан, хямралыг улам бүр өдөөх хандлагатай гэж үзэж байгаа аж.

Сирийн Тартус боомт дахь тэнгисийн цэргийн баазад илгээсэн "Эс-300" агаараас хамгаалах пуужингийн систем цэвэр хамгаалалтын зориулалттай, энэ нь хэн нэгэнд аюул заналхийлж байгаа хэрэг биш болохыг ОХУ-ын төлөөлөгч баталж байгаа ч яагаад ийм эгзэгтэй үед байлдааны энэхүү төхөөрөмжийг байршуулсан бэ гэдэг асуултыг ажиглагчид тавьж байна.
"Эс-300" загварын пуужингийн систем нь газар-агаар ангиллынх бөгөөд нисэх онгоц, залуурт цөмийн пуужингийн довтолгооноос хамгаалаад зогсохгүй 200 км-ийн радиуст нэг дор 100 байг мөрдөн хянаж, устгах чадвартай юм. Энэхүү системийг Латакиа дахь Оросын нисэх хүчний баазад байршуулсан бусад агаараас хамгаалах пуужингийн системүүдтэй холбосноор ОХУ болон Сирийн Засгийн газар агаарын довтолгооноос өөрсдийгөө найдвартай хамгаалах бэлтгэлээ базаасан хэрэг юм. АНУ ОХУ-тай яриа хэлэлцээ хийхгүй гэдгээ мэдэгдэж, Оросын тал Сири дэх хүчнийхээ хамгаалалтыг чангатгаж байгаа нь Сирийн хямрал улам бүр хурцдах төлөвтэй байгааг харуулж байна.

| ОХУ Сири дэх өөрийн цэргийн бааз руу пуужингийн систем илгээжээ | ||
| Үзсэн: 1402 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.