
Монгол улсын хөгжлийн бодлогод чухал ач холбогдол бүхий 15 ордын нэг Асгатын мөнгөний орд хүртэлх 72,8 метр урт төмөр бетонон гүүр бүхий 7,3 км хайрган хучилттай авто замын ажлыг Барилга инженерийн тусгай батальон буюу Зэвсэгт хүчний 340-р ангийн хамт олон амжилттай гүйцэтгэж, салбарынхаа удирдлагуудад болон нутгийн ард түмэнд өнгөрөгч долоо хоногт хүлээлгэн өглөө. Зам болон гүүрийг хүлээн авах нээлтийн арга хэмжээнд Батлан хамгаалахын дэд сайд А.Баттөр, Зам тээврийн дэд сайд Х.Ержан, ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав, орон нутгийн удирдлагууд оролцсон юм.
Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын дөрөвдүгээр багийн нутагт орших, байгалийн өвөрмөц тогтоц бүхий энэ орд газрын ойр орчмоор өмнө нь морьтой хүн байтугай явган хүн явахад төвөгтэй, саад бартаатай төдийгүй, цаг агаарын бэрхшээлтэй зарим үед ОХУ-ын нутаг дэвсгэрээр ч дамжин очих тохиолдол байжээ. Өдөртөө л жилийн дөрвөн улирлын өнгө төрхийг гаргаж байдаг гайхалтай сонин тогтоцтой уг газарт зам, гүүрийн ажлыг гүйцэтгэхэд хүндрэл бэрхшээлтэй зүйл ихээхэн тулгарч байсан ч цэргийн алба хаагчид маань өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэн, зорьсон зорилгодоо амжилттай хүрч, салбарынхаа нэр хүндийг өндөрт өргөж, үүргээ амжилттай гүйцэтгэлээ. Барилга инженерийн тусгай батальон буюу Зэвсэгт хүчний 340-р анги нь Баян-Өлгий аймагт гурван жилийн өмнө байгуулагдсан шинэхэн анги хэдий ч ийнхүү орон нутгийнхаа хөгжил, бүтээн байгуулалтад жинтэй хувь нэмрээ орууллаа.
Цэргүүд Асгатын мөнгөний ордын замын ажлыг амжилттай дуусгалаа | ||
Үзсэн: 2049 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.