Дэлхийн улс орнууд Афганистанд 2020 оныг хүртэл 15.2 тэрбум ам.доллар хандивлахаар амлалт өглөө. Өчигдөр Бруссельд болсон Афганистанд тусламж үзүүлэх тухай олон улсын хурлын үеэр 70 гаруй орны төлөөлөгчид тус улсын аюулгүй байдлыг хангах, ядуурлыг бууруулахад туслах зорилгоор их хэмжээний мөнгөн тусламж үзүүлэхээ амлалаа.
Төлөөлөгчдийн дотор Афганистаны ерөнхийлөгч Ашраф Гани болон АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Жон Керри нар байсан юм. Ашраф Гани Засгийн газрынхаа ойрын хугацаанд хэрэгжүүлэх бодлогыг танилцуулсны дотор бүх нийтийг боловсролтой болгоход анхаарч байгаа аж. Үүнд олон улсын хамтын нийгэмлэгүүдийг тусалж, дэмжихийг тэрбээр уриаллаа. Олон улс орон тусална гэдгээ амласны дотор Япон улс 1.6 тэрбум ам.долларын тусламж үзүүлэхээр боллоо. Афганистан нь сүүлийн жилүүдэд зэвсэгт бүлэглэлүүдийн мөргөлдөөн дунд хямарч туйлдаад байгаа.
Иймд тус улсад хандив тусламж үзүүлэх зорилготой олон улсын хурлууд ойр ойрхон болж байгаа бөгөөд хамгийн сүүлд 2012 онд Токиод болсон хурлаар 16 тэрбум ам.долларыг хандивлахаар болж байсан бол энэ жилийн хувьд ч мөн ижил хэмжээний хандив тусламжийг ирэх 4 жилд үзүүлэхээр боллоо. Афганистаны Засгийн газар энэ мөнгийг улс эх орон ард түмнийхээ аюулгүй байдлыг хангах, зөрчилдөгч талуудын хооронд гараад байгаа хямралыг намжаахад зарцуулахаар төлөвлөж байна.
| Афганистанд 15.2 тэрбум ам.доллар хандивлана | ||
| Үзсэн: 578 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.