АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн халз мэтгэлцээн хэдхэн цагийн өмнө өндөрлөлөө. Хоёр нэр дэвшигч гар барилгүй эхэлсэн энэ мэтгэлцээн тэр чигтээ маш сонирхолтой, халуун болж өнгөрлөө. Мэтгэлцээний эхэнд Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Доналд Трамп түүний эсрэг үүссэн шинэ сенсацитай холбоотойгоор Хиллари Клинтоноос ирэх дайралтыг зөөлрүүлэхийн тулд түүний нөхрийн эмэгтэйчүүдтэй холбогдсон асуудлыг хөндөн тавьж, АНУ-ын улс төрийн түүхэнд Билл Клинтоноос илүү эмэгтэйчүүдийг доромжилсон хүн байхгүй гэж онцолсон юм.
Мөн Хилларигийн хамгийн эмзэг сэдэв болох хувийнхаа э-майл хаягаар улсын ажил явуулсан гэх хэргийг ч Доналд Трамп хөндөн тавьсан байна. Тэрбээр Хиллариг энэ хэргийнхээ төлөө шоронд ч орж болзошгүйг анхаарууллаа. Харин Ардчилсан намаас нэр дэвшигч, хатагтай Хиллари Клинтон хариуд нь Трампийн эмэгтэйчүүдийг гутаан доромжилсон энэ үйлдэл түүнийг АНУ-ын Ерөнхийлөгчид тохирохгүйг харуулж байна гэв.
Мэтгэлцээний үеэр хөндөгдсөн сэдвүүд дундаас хамгийн их анхаарал татаж, ач холбогдол өгсөн нь Исламын зэвсэгт бүлэглэл, Татвар, Засгийн газрын ёс зүй, Эрүүл мэндийн халамж, Трампийн бичлэг зэрэгтэй холбоотой сэдвүүд байсан юм. Тухайлбал, Хиллари Трамп мэтийн хөрөнгө чинээтэй ч улсад маш их татварын өртэй нөхдүүд хэдэн арван жилээр улсад юу ч төлөхгүй яваад байгаа татварын тогтолцоог шинэчилж, орлогоос нь хамааран ялгавартайгаар татвар оноох тухай ярилаа.
Түүний энэ бодлого нийгмийн дундаж давхаргыг дэмжих зорилготой юм. Мэтгэлцээний явцад Доналд Трамп өөрт оногдсон цаг хугацааг илүү сайн ашиглаж, байр сууриа хамгаалж байсан гэж зарим ажиглагч дүгнэж байна. Түүний эмэгтэйчүүдтэй холбогдсон бичлэгээс үүдэн нүүр буруулаад байсан намын зарим нөхөд нь ч Трампийг маш сайн байсныг онцолж байна.
| АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид халз мэтгэлцлээ | ||
| Үзсэн: 1047 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.