![](/uploads/201610/news/thumb/add317f448c816ec2286810a5d2b01af_x3.jpg)
Манай улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл энэ оны эхний есөн сарын байдлаар хоёр их наяд төгрөгийн алдагдалтай гарлаа. Энэ нь төсвийн алдагдлын хэмжээ өмнөх сарынхаас 300 гаруй тэрбум төгрөгөөр өссөн үзүүлэлт юм.
Энэ оны эхний хагас жилийн байдлаар улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 887 тэрбум төгрөгийн алдагдалтай гарч байсан. Энэ нь 2015 оны эхний есөн сарын төсвийн алдагдал энэ оны эхний зургаан сарын байдлаарх дүнтэй ойролцоо хэмжээнд байсан үзүүлэлт. Энэ оны 2-р улирлын байдлаар манай улсын төсвийн алдагдал 1 их наяд 800 тэрбум төгрөгт хүрсэн. Харин есдүгээр сарын байдлаар төсвийн алдагдал хоёр их наяд төгрөг давсан байна. Энэ нь төсвийн орлого хумигдаж байхад зарлага өндөр байгаатой холбоотой. Тэр дундаа урсгал зардал болон эргэж төлөгдөх зээлийн хэмжээ өссөн нь төсвийн алдагдал нэмэгдэхэд голлон нөлөөлжээ.
Дараагийн онцлох эдийн засгийн мэдээлэл бол хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээлийн хэмжээ. Энэ сард хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл өмнөх оны мөн үеийнхээс 5.6 хувиар буюу бага зэрэг буурчээ. Чанаргүй зээл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 8.4 хувийг эзэлж, өмнөх сарынхаас 0.2 пунктээр буурч, өмнөх оны мөн үеийнхээс 1.3 пунктээр нэмэгдсэн байна. Дэлгэцэнд харагдаж байгаагаар чанаргүй зээл, энэ оны эхний саруудад өсч байсан бол долоодугаар сараас бага зэрэг буурах хандлагатай байна. Өөр нэг эерэг мэдээлэл бол манай улсын гадаад худалдааны тэнцэл оны эхний есөн сард өмнөх оны мөн үеийнхээс 200.7 сая ам.доллараар нэмэгдэж, 884.8 сая ам.долларт хүрчээ. Харин экспорт өмнөх оны мөн үеийнхээс 208 сая ам.долл буюу 5.9 хувиар буурсан байна. Хэдийгээр экспортоор гаргаж байгаа эрдэс бүтээгдэхүүний хэмжээ буураагүй ч ашигт малтмалын дэлхийн зах зээл дээрх ханш муу байгаагаас үүдэн экспортоос орж ирэх орлогын хэмжээ бага байгаа юм.
Улсын нэгдсэн төсөв 2 их наяд төгрөгийн алдагдалтай байна | ||
Үзсэн: 949 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.