Өнгөрсөн онд Ховд аймгийн Булган суманд анхлан гарсан малын халдварт өвчин бог малын мялзан өвчин болох нь тогтоогдсон. Одоогийн байдлаар тус өвчин Ховд аймгийн 11 сум, Баян-Өлгий, Увс, Говь-Алтай, Завхан аймгийн зарим сумдад тархаад байгаа. Тиймээс өвчлөлийн хүрээг хумих зорилгоор, Улсын онцгой комиссын шийдвэрээр 11.5 сая тун мялзангийн вакциныг урд хөршөөс оруулж ирлээ.
Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг "Монголын Мэдээ" суваг бэлтгэлээ.
Мялзан өвчин өмнө нь манай улсын нутагт гарч байгаагүй учир оношийг нь тогтоох гэж хугацаа алдсан гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна. Өмнө нь БНХАУ-ын Шиньжан Уйгарын Алтай, Хамин, Тарвагатай аймгийн нутгаар энэ өвчин гарч байсан юм байна. Малаас малд халдварладаг мялзан өвчин вирусын гаралтай учир хүн, машин, малын хөлөөр тээгдэн урд хөршөөс орж ирсэн байх магадлал өндөр. Одоогоор ховд аймгийн 11 сумын 45 багийн нутаг дэвсгэрт хорио цээрийн дэглэм тогтоогоод байгаа юм.
Нийтдээ 76 мянга гаруй малд энэ өвчин халдварласнаас эмчилгээний үр дүнд ихэнх малын өвчний шинж тэмдэг арилсан байна. Одоогоор голомтын бүсэд байгаа 2400 гаруй малд эмчилгээ хийж буй юм байна.
Баруун бүсийн бусад аймгийн зарим сумдаар өвчний шинж тэмдэг илэрсэн учир вакцин хийх шаардлага нэн тэргүүнд тулгарсан. Тиймээс Улсын онцгой комиссын шийдвэр, Засгийн газрын тогтоолоор Ховд аймгийн Булган боомтод эм, эмийн бүтээгдэхүүн хилээр нэвтрүүлэх түр зөвшөөрөл олгож, 11.5 сая тун мялзангийн эсрэг вакциныг Хятадаас тээвэрлэн оруулж ирлээ.
Өнөө өглөөнөөс эхлэн Ховд аймгийн төвөөс сум бүрт вакцинжуулалтын ажлыг зохион байгуулах ажлын хэсэгт вакциныг хүлээлгэн өгч эхлээд байна. Амьд вакцины хадгалах горим нь маш нарийн байдаг тул ХХААХҮ-ийн дэд сайдаар ахлуулсан, онцгой байдал, цагдаа, мэргэжлийн хяналтын төлөөлөл оролцсон шуурхай бүлэг тээвэрлэлтийн үйл ажиллагааг зохион байгуулж хяналт тавьж байна.
Ховд аймгийнхан хүнсний хэрэгцээгээ эрүүл бүсээсээ хангаж буй юм байна. Цаг агаар хүйтэрч байгаа учир өвчний голомтыг даруйхан дарахгүй бол зуслангаасаа нүүж чадахгүй хөл хорионд орсон малчдын хувьд нөхцөл байдал хүнд байгаа тухай орон нутгийн иргэд хэлж байна. Тиймээс 10 хоногийн дотор вакцинжуулалтыг бүрэн хийж өвчлөлийн хүрээг нэн даруй хумина гэдгийг албаны хүмүүс хэлж байлаа.
| 11.5 сая тун мялзангийн вакциныг хилээр нэвтрүүллээ | ||
| Үзсэн: 672 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.