Шууд Chart

Нийгмийн аюулгүй байдлыг хангах системийг сайжруулахыг шаардлаа

2016-10-12 15:16:08

Өчигдөр Аргентиний хэд хэдэн хотод нийгмийн аюулгүй байдлыг хангах системийг сайжруулахын төлөө олон мянган иргэн жагслаа. Хэдий Аргентин нь Латин Америкийн улс орнууд дундаа гэмт хэрэг гаралтын тоогоороо сүүлд ордог ч, тус улсын хууль хяналтын байгууллага гэмт хэрэгтнүүдэд дэндүү зөөлөн ханддаг гэж олонх үзэж байна.

Конгрессын байрны гадна жагссан эдгээр иргэд гэмт хэрэгтнүүдийн гарт амиа алдсан төрөл төрөгсдийнхөө зургийг тэврэн, хууль тогтоогчдоос гэмтнүүдийг шийтгэхийг шаардан жагсжээ. Тэдний хэлж байгаагаар энэ улсад одоо хэрэгжиж байгаа хууль хохирогчдыг бус, гэмт хэрэгтнүүдийг хамгаалж байгааг эрс шүүмжилж байгаа юм. Аргентин нь Латин Америкийн улс орнууд дундаас гэмт хэргийн гаралт хамгийн бага буюу 1000 хүн тутмын 5 нь бусдын гарт амиа алдах эрсдэлтэй байдаг бол бусад орнууд болох Бразил, Мексик, Венесуэльд энэ тоо 40 хүртэл өсч байгаа аж.

Гэтэл Аргентиний ард иргэд аюулгүй байдлаа хангуулахыг хууль тогтоогчдоос шаардах болсон шалтгааныг ажиглагчид өөр өөрсдийнхөөрөө тайлбарлаж байгаа. Нэг талаас энэ улсад зохион байгуулалттай гэмт хэрэг, ялангуяа шуналын сэдэлтэйгээр хулгай дээрэм их гарах болсон, нөгөө талаас цагдаа цэргийнхэн зэрэг хууль хэрэгжүүлэгчдэд тавих хяналт сул, мөн ял шийтгэлийн систем зөөлөн зэрэг нь гэмт хэрэгтнүүдийг  өөгшүүлж, ял шийтгэлгүй өнгөрүүлж байна гэж үзжээ.

Аргентинд хөл бөмбөгийн тэмцээний үеэр үймээн самуун их гардаг бөгөөд энэ үеэр хохирсон иргэд хохирлоо барагдуулна гэж бараг байдаггүй аж. Хууль хяналтын энэхүү сул тогтолцоо нь тус улсын хувьд олон жил үргэлжилсэн бөгөөд одоо байгаа шинэ Засгийн газар болон ерөнхийлөгч Маурисио Макри энэ асуудлыг шийдвэрлэж, гэмт этгээдүүдэд зохих ялыг нь хүртээдэг болно гэж амласан боловч одоог хүртэл ямар ч арга хэмжээ авахгүй байгаад иргэд бухимдан ийнхүү жагсаж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Нийгмийн аюулгүй байдлыг хангах системийг сайжруулахыг шаардлаа  
Үзсэн: 627 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй