Өчигдөр Бээжин хотноо Хятадын Ардын Чөлөөлөх Армийн ахмад дайчид батлан хамгаалах яамныхаа гадаа өргөн бүрэлдэхүүнтэй жагсаал хийлээ. Тэд чөлөөндөө гарсан дайчдад олгодог мөнгөн тэтгэмж болон бусад хангамжуудыг нэмэгдүүлэхийг шаарджээ.
Нэг мянга гаруй ахмад дайчид харьяа яамныхаа гадна жагссан нь хэвлэлүүдийн анхаарлыг татаж байна. Учир нь ийм төрлийн жагсаал Хятадад өмнө нь болж байсан ч ийм өргөн бүрэлдэхүүнтэй жагсах нь ховор байдаг. Тэдний дийлэнх нь дунд эргэм насны ажиллаж хөдөлмөрлөх чадвартай залуус байгаа боловч ардын армиас чөлөөлөгдсөний дараа тэдэнд ажил олдохгүй, тэтгэмж нь амьдралд нь хүрэлцээгүй байгаа тухай тэд ярьж байна.
Хятадын эрх баригчид өнгөрсөн жил Ардын Чөлөөлөх Армийн бүтэцэд шинэчлэл хийх нэрийдлээр 300 мянга гаруй цэрэг эрсийг чөлөөнд нь гаргасан юм. Тус улсын хэвлэлүүдийн уламжилж байгаагаар БНХАУ-д 6 сая гаруй ахмад дайчид байгаа бөгөөд тэдэнд зориулж, гавьяаныхаа амралтад суухад олгодог тэтгэмж, тэтгэврийн санд 39,8 тэрбум юанийг 2016 оны улсын төсвөөс суулгасан аж.
Энэ нь 2015 оны төсвөөс 13 хувиар өссөн үзүүлэлт боловч сүүлийн үед Хятадын эдийн засгийн өсөлт сул байгаагаас үүдэн чөлөөндөө гарсан дайчдад олгож байгаа тэтгэмж хаанаа ч хүрэхгүй байгаа бөгөөд одоогийн байдлаар хууль хүчнийхэн жагсагчдыг хүч хэрэглэн тараах оролдлого хийгээгүй ч батлан хамгаалах яам болон ойр орчмыг нь хамгаалалтад аваад байна.
2015 онд яг ийм жагсаал Бээжинд болох үеэр 1979 оны Вьетнамын дайнд оролцож явсан ахмад дайчид мөн л улсаас олгох тэтгэмжийг нэмэгдүүлэхийн төлөө жагсаж байсан юм.
| БНХАУ-ын ахмад дайчид жагслаа | ||
| Үзсэн: 1890 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.