Шууд Chart

Хууль бусаар загасчилсан хэрэгт Хятадын тал хариуцлага хүлээхгүй гэв

2016-10-13 15:00:22

БНХАУ-ын гадаад хэргийн яамнаас тус улсын загасчид Өмнөд Солонгосын усан хилийг давж хууль бусаар загасчилж, улмаар Өмнөд Солонгосын эргийн хамгаалалтын албаны усан онгоц живсэн хэрэгт хариуцлага хүлээхгүй гэдгээ мэдэгдлээ.

Өнгөрсөн мягмар гарагт Өмнөд Солонгосын талаас Хятадын хууль бус загасчдыг барихаар хойноос нь хөөцөлдсөн эргийн хамгаалалтын албаны усан онгоц загасчдын завийг мөргөн живсэн ч азаар хүний амь сүйдээгүй тухай мэдэгдсэн бөгөөд үүнд Хятадын талыг буруутгасан юм. Үүнтэй холбоотойгоор Сөүл дэх Хятадын элчин сайдын яамны гадна хууль бус загасчлалыг зогсоохыг шаардаж олон арван иргэн жагссан юм.

Мөн Өмнөд Солонгосын засгийн газар Хятадын засгийн газрыг энэ хэрэгт анхаарлаа хандуулан, дахин ийм төрлийн хэрэг гарахаас урьдчилан сэргийлж, хууль зөрчсөн загасчдад хариуцлага тооцохыг шаардсан юм. Харин Хятадын талаас үүний хариуд энэ хэргийг шалгасан бөгөөд 2 талын загас агнуурын хэлэлцээрийн дагуу үүнд хууль зөрчсөн гэх үндэслэл алга байна гэсэн тайлбарыг өглөө.

Энэ асуудалд Өмнөд Солонгосын талыг дипломатчаар хандахыг шаардаж, тус улсын эргийн хамгаалалтынхан хууль бус загасчдыг барихдаа зэвсэг хэрэглэж байгаа нь асуудлыг улам бүр хүндрүүлэхээс цаашгүй байгааг зэмлэн буруушаасан байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Хууль бусаар загасчилсан хэрэгт Хятадын тал хариуцлага хүлээхгүй гэв  
Үзсэн: 620 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй