Сонгуулийн сурталчилгааны мэдээлэл сонин хэвлэл болон цахим сайтад хэрхэн нийтлэгдэж байгаа тухай Хэвлэлийн хүрээлэнгээс явуулсан мониторингийн судалгааны дүнг өнөөдөр танилцууллаа. Энэ удаагийн сонгуулиар нийгмийн сүлжээ ашиглан сурталчилгаа хийх аргыг өргөн хэрэглэсэн бол тогтмол хэвлэлүүдэд сонгуулийн талаарх сөрөг мэдээлэл багассан байна.
Өдөр тутмын 5 сонинд мониторинг хийхэд энэ оны сонгуулийн сурталчилгааны эзлэх хувь 2012 оныхоос 8 хувиар буурсан дүн гарчээ. Тодруулбал, 2012 онд өдөр тутмын сонинд сонгуулийн мэдээлэл сурталчилгаа 23 хувийг эзэлж байсан бол энэ онд дээрх хувь 15 болж буурсан байна. Энэ нь 2016 онд сонгуулийн сурталчилгааны хугацаа багассантай холбоотой гэж судлаачид тайлбарлалаа.
2016 онд тогтмол хэвлэлд сурталчилгааны мэдээлэл буурч сэтгүүлзүйн бүтээлийн тоо нэмэгдсэн хэдий ч нэр дэвшигчид болон улс төрийн намуудын мөрийн хөтөлбөр, сонгуулийн үйл явцын талаар задлан шинжилсэн бүтээл аль ч мэдээллийн хэрэгсэлд 3 хүрэхгүй хувийг эзэлж байна.
Цахим сайтад хийсэн мониторингийн дүнгээс харахад сонгуулийн сурталчилгааны өмнөх үед сонгогчдын боловсролд зориулсан редакцийн бүтээл 88 хувь, сурталчилгааны мэдээлэл 12 хувийг эзэлж байсан бол сонгуулийн сурталчилгаа эхэлснээс хойш ил болон далд сурталчилгааны эзлэх хэмжээ 75 хувь болж нэмэгдэн, харин редакцийн бүтээл 25 хувь болж буурсан байна.
Энэ удаагийн сонгуулийн мэдээлэл, сурталчилгааны нэг онцлог нь намууд болон нэр дэвшигчид нийгмийн мэдээллийн сүлжээ буюу твиттер, фэйсбүүкийг сонгуулийн сурталчилгаанд ашиглах нь эрс нэмэгдсэн байна.
Хэвлэлийн хүрээлэнгээс явуулсан тус судалгаагаар сонгуулийн сурталчилгааны үед тогтмол хэвлэлүүд болон цахим сайтууд мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн бүтээл нийтлэх тохиолдол 14 бүртгэгджээ. Ялангуяа нэг эх сурвалжид тулгуурласан, хувийн үзэл бодлыг баримтат мэдээлэлд оруулсан байх алдаа дутагдал нийтлэг байна. Тиймээс мэргэжлийн болон ёс зүйн хэм хэмжээг хэвшүүлэх шаардлагатай байгааг судалгааны багийнхан мэдээлж байна.
| Өдөр тутмын сонинд нийтэлсэн сонгуулийн сурталчилгаа 8 хувиар буурчээ | ||
| Үзсэн: 595 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.