“Нүүдлийн аялал жуулчлал ба хотуудын тогтвортой хөгжил” сэдэвт Торгоны замын аялал жуулчлалын олон улсын анхдугаар бага хурал манай улсад өнөөдөр эхэллээ. Нүүдлийн соёл иргэншилтэй манай улсад асар их хөрөнгө оруулалт татах боломж байгааг тус хуралд хүрэлцэн ирсэн хүндэт зочид онцолж байна. Энэ хуралд НҮБ-ын Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Талеб Рифай тэргүүтэй дэлхийн торгоны замын аялал жуулчлалын хөтөлбөрийн гишүүн 33 орны 150 гаруй төлөөлөгч, мөн манай улсаас 350 гаруй төлөөлөл оролцож байна.
Энэ уулзалтад хүрэлцэн ирсэн гадны төлөөллүүд монголд нүүдлийн аялал жуулчлалаар дамжуулан олон мянган ажлын байр шинээр бий болгох, аялал жуулчлалын төв болох боломж байгааг хэлсэн юм. НҮБ-ын Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Талиб Рифай “Энэ хуралд оролцогчдын тоо хурлын ач холбогдлыг шууд илтгэж байна. Бид хаа нэг газрыг санамсаргүйгээр сонгоод ийм том хэмжээний хурал хийдэггүй. Зөв цагтаа зөв газартаа хийж байгааг онцолмоор байна. Торгоны зам дагасан аялал жуулчлалд монголчууд манлайлагч байх ёстой. Би монголд 3 дахь удаагаа ирж байна. Танай засгийн газар ч аялал жуулчлалын салбартаа ихээхэн ач холбогдол өгч, бодлогоо зөв тодорхойлжээ” гэлээ.
Харин Дэлхийн хотуудын шинжлэх ухааны хөгжлийн судалгааны төвийн дарга Женни Сиу Фанг Юунг “Монголын түүх, соёл тэр чигтээ агуу. Эртний түүхтэй торгоны замын хөгжилд нүүдэлчид онцгой үүрэг гүйцэтгэсэн. Тиймээс эрт дээр үеийнхээ уламжлалыг хадгалж, хөгжүүлэх ёстой гэж харж байна. Манай судалгааны төв монгол улстай боловсрол, барилга, мөн мэдээж аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах хүсэлтэй байна. Эдийн засгийн хямралыг хамтдаа даван туулахад энэ алхам чухал гэж харж байна” гэсэн юм.
Манайд жилдээ хагас сая хүрэхгүй, 400 мянга орчим гадаадын жуулчин ирдэг. Тэд манай улсад 263 сая ам.долларын орлого оруудаг юм байна. Энэ нь ДНБ-ий 3.2 хувьтай тэнцэнэ. Өрсөлдөх чадварын үзүүлэлтээрээ Монгол Улс дэлхийн 140 орноос 99 дүгээрт эрэмблэгдэж байна. Тэгвэл Засгийн газар аялал жуулчлалыг үндэсний тэргүүлэх салбарын хэмжээнд хөгжүүлж, 2020 он гэхэд Монголыг зорин ирэх гадаадын жуулчдын тоог нэг саяд хүргэнэ, ДНБ-ий 14 орчим хувийг энэ салбараас бүрдүүлэх, аялал жуулчлалын өрсөлдөх чадварын үзүүлэлтийг 90 дүгээр байранд хүргэх тодорхой зорилтуудыг тавьжээ.
Манай Улс энэхүү Торгоны замын аялал жуулчлалын хөтөлбөрт нэгдэж, Нүүдлийн аялал жуулчлалын брэндийг бусад улс орнуудтай хамтран бий болгосноор өмнөө тавьсан том зорилгодоо хүрнэ гэж тайлбарлаж байна. Манай улсад анх удаа болж байгаа тус хурал маргааш үргэлжилнэ.
| Торгоны замын аялал жуулчлалын олон улсын анхдугаар бага хурал эхэллээ | ||
| Үзсэн: 881 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.