Шууд Chart

ИНЕГ-аас мэдэгдэл гаргалаа

2013-10-22 13:06:15

Төв аймгийн Мөнгөнморьт сумын нутагт буулт хийх үедээ хүчтэй салхины нөлөөнд орж, хажуу бөөрөөрөө унасан “А-жет Авэйшн” ХХК-ийн Ми-8 нисдэг тэрэгний талаар ИНЕГ-аас мэдэгдэл гаргалаа. Мэдэгдэлд  нисдэг тэрэг болон нисэх багийн гишүүд нь ИНЕГ-аас олгогдсон хүчин төгөлдөр агаарын тээвэрлэгчийн гэрчилгээ, нислэгт тэнцэх чадварын гэрчилгээ, мэргэжлийн үнэмлэх зэрэглэлтэй байсныг онцолжээ. Тухайлбал “А-Жет Авиэйшн” ХХК-ийн “Агаарын тээвэрлэгчийн гэрчилгээ”-ний хүчинтэй хугацааг 2012 оны 04-р сарын 02-ны өдөр ИНЕГ-аас үзлэг шалгалт хийж сунгасан бөгөөд 2014 оны 04-р сарын 02-ны өдөр хүртэл хүчинтэй байсан. Мөн JU-5566 дугаартай нисдэг тэрэгний “Нислэгт тэнцэх чадварын гэрчилгээ”-г 2013 оны 05-р сарын 24-ны өдөр ИНЕГ-аас үзлэг шалгалт хийж сунгасан ба “Нислэгт тэнцэх чадварын гэрчилгээ” нь 2013 оны 11-р сарын 22-ны өдөр хүртэл хүчинтэй, агаарын хөлгийн үйлдвэрлэгч болон их засвар хийсэн байгууллагаас олгосон засвар хоорондын баталгаат хугацаатай байсан байна. Түүнчлэн нисэх багийн гишүүд нь “Иргэний нисэхийн багц дүрэм”-ийн дагуу сургалт дадлагад хугацаандаа хамрагдаж, мэргэжлийн үнэмлэх, эрүүл мэндийн гэрчилгээ нь хүчин төгөлдөр байсныг мэдэгдэлд онцлон тэмдэглэжээ.
Энэ сарын 18-ны өдрийн 12:45 минутанд “А-Жет Авиэйшн” ХХК-ийн JU-5566 дугаартай Ми-8Т загварын нисдэг тэрэг Төв аймгийн Мөнгөнморьт сумын нутагт буулт үйлдэх үедээ газар хүчтэй мөргөн баруун талын хажуу бөөрөөрөө унасан тохиолдол гарсан. Энэ үеэр нисдэг тэрэгний даах сэнс болон сүүлийн сэнс хугарах зэрэг гэмтэл нисдэг тэргэнд учирсан бөгөөд нисдэг тэргэнд байсан нисэх багийн гишүүд болон зорчиж явсан хүмүүст ямар нэгэн гэмтэл бэртэл учраагүй юм.
“Иргэний нисэхийн тухай” Монгол Улсын хуульд заасны дагуу нислэг-техникийн осол, зөрчил болон нислэг-техникийн осол, зөрчлийн урьдчилсан нөхцөл үүссэн тухай асуудлыг шинжлэн шалгах, ангилах, бүртгэх ажиллагааг Нислэг-техникийн осол, зөрчлийг шинжлэн шалгах алба /НТОЗШША/ гүйцэтгэдэг. Одоогоор НТОЗШША-наас ажлын хэсэг томилогдон ажиллаж байгаа бөгөөд тус албанаас тухайн тохиолдлыг Олон улсын иргэний нисэхийн байгууллага болон манай улсын Иргэний нисэхийн дүрмийн дагуу ангилан шалтгааныг тогтоож, дүгнэлт гаргах юм.

Нийтэлсэн: Б.Баярт

ИНЕГ-аас мэдэгдэл гаргалаа   
Үзсэн: 2255 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй