Өнгөрсөн даваа гарагт манай улсын хилээр бог малын мялзан өвчний 11.5 сая тун вакцин орж ирсэн тухай бид мэдээлж байсан. Тэгвэл өнөөдрийн байдлаар вакцин хийхээр төлөвлөсөн бүх сум, багтаа хуваарилагдсан хүрч, вакцинжуулалтын ажил баруун таван аймагт ид өрнөж байна.
Тухайлбал, Баян-Өлгий аймгийн Булган сумын Улаан ус, Цүнхэл багт бог малын мялзан өвчин гарсан болох нь тогтоогдсон. Тус суманд нийт 4300 орчим мал мялзангаар өвчилсөн гэх мэдээлэл байна. Үүнээс 900 гаруй нь хорогджээ. Өвчилсөн малд эмчилгээ хийснээр ихэнх малын өвчний шинж тэмдэг арилсан. Одоогоор 20 орчим мал өвчтэй хэвээр байгаа юм байна. Улсын хэмжээнд мялзан, шүлхий зэрэг малын халдварт өвчин гарсантай холбоотойгоор Засгийн газраас 13 тэрбум гаруй төгрөгийг вакцин худалдан авахад зарцуулаад байна. Багагүй хөрөнгө гаргаж худалдан авсан вакцины хадгалах горимыг нь алдагдуулж, вакцинжуулалтын ажлыг үр дүнгүй болгохгүйн тулд сум бүрт вакцины хөргүүрийг хүргэж өгөх ажлыг шадар сайдын тушаалаар байгуулагдсан шуурхай бүлэг зохион байгууллаа. Баян-Өлгий аймагт Булган сумаас бусад хэсэгт өвчлөл гараагүй ч урдьчилан сэргийлэх, өвчлөлийн хүрээг гаднаас нь хумих зорилгоор аймгийн хэмжээнд есөн сумын, гурван сая орчим малд вакцин хийхээр төлөвлөж байна.
Баян-Өлгий аймгаас гадна Ховд, Увс, Говь-Алтай, Завхан аймагт шуурхай бүлэг хуваагдан ажиллаж вакцинжуулалтыг зэрэг зохион байгуулж байна. Сүүлд авсан мэдээгээр аймаг бүрт дунджаар 80 мянга гаруй малыг вакцинжуулалтад хамруулсан байна. Ирэх долоо хоногийн дундуур вакцинжуулалтыг бүрэн дуусгах ажээ. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Монголын Мэдээ сувгийн мэдээллийн хөтөлбөрөөс үзээрэй.
| Мялзан өвчний эсрэг вакцин худалдан авахад 13 тэрбум төгрөг зарцуулжээ | ||
| Үзсэн: 651 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.