Шууд Chart

Умард Солонгосын пуужингийн туршилт бүтэлгүйтжээ

2016-10-17 12:12:08

Умард Солонгос дундын зайн тусгалтай шинэ загварын баллистик пуужин туршихыг завдлаа. Өнгөрсөн бямба гарагт Умардын талаас хийхийг оролдсон энэхүү туршилт нь өмнөх туршилтын бүсүүдээс өөр байрлалд буюу баруун хойд хэсгээс пуужин харвахыг завдсан нь анхны удаагийнх болж байна.

АНУ болон Өмнөд Солонгосын батлан хамгаалах хүчнийхний баталж байгаагаар Хятадын хилтэй ойролцоо орших баруун хойд нутгийн Кусон хотоос дундын зайн тусгалтай Мусудан хэмээн шинэ загварын баллистик пуужинг Умардын талаас харвах гэж байжээ. Энэ нь өнгөрсөн дөрөвдүгээр сарын 15-аас хойш Умардын талаас үйлдэж байгаа 7 дахь удаагийн пуужингийн туршилт болж байна.

Өмнө нь Япон тэнгисийн эргийн Вонсан хотын зүүн хэсгээс баллистик пуужин харваж байсан юм. Харин хамгийн сүүлийнх нь буюу өнгөрсөн бямба гарагт үйлдэхээр зэхсэн ч бүтэлгүйтсэн пуужингийн туршилт нь АНУ, Өмнөд Солонгосын шар тэнгист хийж байгаа цэргийн хамтарсан сургуулилтын сүүлийн өдөртэй давхацсан болохыг ч мөн хэвлэлүүд онцолж байна.

Пуужингийн онилсон бүсэд АНУ-ын цөмийн бөмбөгдөгч онгоц тээвэрлэгч тэнгисийн цэргийн Роналд Рэйган хөлөг онгоц байжээ. Умардын энэ удаагийн туршилт хийх оролдлого нь тус улсын цэргийн хүчин хаанаас ч энэ төрлийн пуужинг харвах хүчин чадалтай болсноо харуулахыг хичээсэн хэрэг гэж барууны хэвлэлүүд тэмдэглэж байна.

Мусудан хэмээх дундын зайн тусгалтай баллистик пуужин нь АНУ-ын цэргийн баазууд байрладаг Гуам арал хүртэл тусах хүчин чадалтай юм. Өөрөөр хэлбэл Умардын талаас хэрвээ хүсвэл Америкийн цэргийн баазууд руу пуужин харвах чадалтай болсон гэдгийг энэ удаагийн туршилтаар харуулж байгаа юм.

Умард Солонгосын талаас өнгөрсөн зургаадугаар сард хийсэн пуужингийн туршилтынхаа дараагаар тус улс 1400 км-ийн өндөрт хөөрч, усан дээгүүр 400 км замыг туулж зорилтот байндаа тусах чадамж бүхий пуужинтай болсноо мэдэгдэж байсан юм. Харин энэ удаад үүнийгээ батлан харуулах зорилгоор ийнхүү пуужингийн туршилт хийх оролдлого хийжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Умард Солонгосын пуужингийн туршилт бүтэлгүйтжээ  
Үзсэн: 569 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй