Та бүхэнд орон нутгийн багц мэдээллийн тоймыг хүргэж байна.
Ургацаа хурааж дуусчээ
Сэлэнгэ аймгийн хэмжээнд өнөөдрийн байдлаар Сант, Баянгол, Шаамар, Хүдэр зэрэг сумд улаанбуудайн ургацаа 100 хувьтай хураан аваад байна. Ургац хураалтыг өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад нийт үр тариа 4.5 %улаанбуудай 4.3 %,тэжээлийн ургамал 33.9 % ,тосны ургамал 29.3% ,төмс 4.8%,хүнсний ногоо 1.8%-иар илүү байна. Өнөөдрийн байдлаар Сэлэнгэ аймгийн хэмжээнд ургац хураалт 91.6% -д хүрчээ.
Малын халдварт өвчнөөс сэргийлэх тарилга хийж дууслаа
Булган аймагт малын халдварт өвчнөөс сэргийлэх гуравдугаар улирлын тарилгыг хийж дуусчээ. Өнгөрсөн онд тус аймгийн Рашаант, Баяннуур сумдад малын галзуу өвчин хэд хэдэн удаа гарсан. Малын халдварт өвчнөөс сэргийлэх тарилгад аймгийн нийт малын 72% нь хамрагдаад байна. Иргэд, малчдын мэдээлэл дутуу, хэнэггүй байдлаас болж 100 % хамруулж чадаагүй учраас дөрөвдүгээр улирлын ээлжит тарилгаар малыг 100% вакцинд хамруулахаар болсон байна.
Хоёр бууцтай байх тогтоол баталжээ
Дорноговь аймгийн Даланжаргалан сумын ИТХ-аас бэлчээрийг зохистой ашиглах зорилгоор нэг малчинд хоёроос илүү бууц, хороо олгохгүй байх шийдвэрийг гаргасан байна. Малчдын зарим нь хэтэрхий олон бууцтай, цас орж өвөлжилт хүндэрсэн тохиолдолд зарим өвөлжөө хаваржаагаа гадны аймаг, сумын отрын малчдад түрээслүүлж мөнгө олдог байдлыг халах зорилгоор ийм шийдвэрийг гаргасан байна. Дашрамд дурдахад Даланжаргалан сум нь 140 гаруй мянган толгой малтай.
Шинэ хөтөлбөртэй болно
Баян-Өлгий аймгийн ИТХ-аас аймгийн засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг хэлэлцэж батлаад байна. 2020 он хүртэл хэрэгжүүлэх энэ хөтөлбөрт аймгийн эдийн засгийг хөгжүүлэх, ажилгүйдлийг бууруулах, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх зэрэг 300 гаруй заалт багтжээ. Мөн иргэдийн ая тухтай амьдрах орчин нөхцлийг бүрдүүлэх, сургуулийн дотуур байрын багтаамжийг нэмэгдүүлэх, Өлгий хотын замыг шинэчлэх зэрэг бүтээн байгуулалт хөрөнгө оруулалтын ажлыг ч тусгасан байна.
Дарханчууд өнөөдөр бүх нийтээрээ амарна
Дархан-Уул аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн ээлжит хурал болж, Дархан хотын 55 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх болсонтой холбогдуулж ажилтан, албан хаагчдаа амраахыг төрийн болон төрийн өмчит, хувийн хэвшлийн үйлдвэр, байгууллагуудын удирдлагуудад зөвшөөрсөн байна. Мөн ойг тохиолдуулан төр захиргааны байгууллагад олон жил үр бүтээлтэй ажилласан хүмүүсээ шагнаж урамшуулахаар болжээ.
| Дарханчууд өнөөдөр бүх нийтээрээ амарна | ||
| Үзсэн: 573 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.