![](/uploads/201610/news/thumb/887568018cdde06c3a3b4742aeaa545e_x3.jpg)
Урд шөнө Европын хөлбөмбөгийн холбооны (ЕХХ)-ны хамгийн нэр хүндтэй тэмцээн “Аваргуудын лиг”-ийн хэсгийн гуравдугаар тойргийн тоглолтууд эхэлж, 16 багийн хооронд 8 тоглолт боллоо. Тэмцээний “G” хэсэгт багтсан Английн “Премьер лиг”-ийн өнгөрсөн улирлын аварга “Лестер сити” клуб 3 дахь тоглолтоо Данийн “Копенгаген” клубтэй хийлээ. Лестер хотын “Кинг Пауэр” цэнгэлдэхэд болсон энэ тоглолтод талбайн эзэд 1:0-ийн харьцаатай хожжээ.
Энэ удаад Алжир залуус Английн аваргуудад 3 оноо авчирсан байна. Багийн довтлогч Ислам Слиманигийн дамжуулалтаар Английн “Премьер лиг”-ийн өнгөрсөн улирлын шилдэг тоглогч Рияд Махрез гоолыг оруулсан юм. Ингэснээр тэд хэний ч таамаглаагүй сайн амжилтыг “Аваргуудын лиг”-т үзүүлж, эхний 3 тоглолтдоо дараалан хожсоноор 9 оноотой “G” хэсгийг тэргүүлж эхэллээ.
“Аваргуудын лиг”-т өмнө нь 4 баг л эхний 3 тоглолтдоо дараалан хожсон байдаг. Эдгээр нь:
1992/93 оны улирал Италийн “Милан” клуб
1994/95 оны улирал Францын “ПСЖ” клуб
1995/96 оны оны улирал Италийн “Ювентүс” клуб
2012/13 оны улирал Испанийн “Малага” клуб
“Лестер сити” клуб “Аваргуудын лиг”-т хийсэн эхний 3 тоглолтдоо хаалгандаа гоол алдаагүй бөгөөд өрсөлдөгч багуудынхаа хаалганд нийтдээ 5 гоолыг оруулсан. Энэ хэсэгт багтсан Бельгийн “Брюгге” клубыг 3:0, Португалийн “Порту”-г 1:0, Данийн “Копенгаген” клубын 1:0-н харьцаатай тус тус хожоод байна.
Тэд өнгөрсөн улирал дэлхийг чансаагаараа тэргүүлэгч Английн “Премьер лиг”-т Итали мэргэжилтэн Клаудио Раньеригийн удирдлага дор “цахиур хагалж” чадсан. Уг нь 2014-15 оны улирал доод лиг рүү унах аюулд ороод байсан баг. Гэтэл өнгөрсөн улирал лигийн 38 тоглолтоос 81 оноо (23 хожил, 12 тэнцээ, 3 хожигдол) цуглуулж, удаах багаасаа 10 онооны илүүтэй болсоноор багийнхаа 132 жилийн түүхэн дэх “Премьер лиг”-ийн анхны аваргын цомоо хүртсэн. Харин энэ жил “Премьер лиг”-т 8 тойргийн дараах байдлаар 8 оноотой хүснэгтийн 13-р байрт бичигдэж байна. Гэсэн ч тэд “Аваргуудын лиг”-ийн тэмцээнд шуугиан тарьж болзошгүй байна.
Шалтгаан 1: Багийн үндсэн бүрэлдэхүүн төдийлөн өөрчлөгдөөгүй. Өнгөрсөн зуны солилцоо наймааны цонхоор багийн “цэвэрлэгээний” хагас хамгаалагч, 25 настай Франц залуу Нголо Канте “Челси” клубт худалдагдсан. Бусдаар бол энэ багт анх 350.000 фунтийн үнээр ирж байсан Рияд Махрезээс эхлээд багийн ахлагч Уэс Морган, Жейми Варди, Даниэл Дринкуотер, Леонардо Ульоа, Марк Олбрайтон, Роберт Хут, Кристиан Фукс, Каспер Шмейхель, Энди Кинг зэрэг багийн үндсэн цөмийг бүрдүүлдэг тамирчид бүгд байна. Түүнчлэн энэ “Лестер”-ийн амжилтын гол нууц болсон 64 настай дасгалжуулагч Клаудио Раньери багийг удирдсан хэвээр.
Шалтгаан 2: 28 настай Алжир довтлогч Ислам Слимани. Португалийн “Спортинг” клубээс энэ багт 2016 оны 8-р сарын 31-нд 28 сая фунтын үнээр нэгдэж 5 жилийн гэрээг үзэглэсэн. Өнгөрсөн улирал “Спортинг” клубт 41 тоглолтод оролцохдоо 31 гоол оруулсан тэрээр 2013-16 оны хугацаанд “Спортинг” клубын төлөө албан ёсны 82 тоглолтод оролцож, 48 гоол оруулсан амжилтыг үзүүлсэн. 186 см өндөр тэрээр довтолгооныг дуусгах торгон мэдрэмжтэй, тал бүрийн авьяас чадвартай. “Лестер”-т ирээд 5 тоглолтод талбайд гарахдаа 3 гоол оруулж, 1 гоолын дамжуулалт өгсөн нь энэ багийн довтолгоонд тун богино хугацаанд үр дүнгээ өгч байгааг илтгэнэ. Мөн “Лестер”-ийн гол “найруулагч”, шигшээ багийн анд Рияд Махрез нь түүний ард тоглох учир өөр нэгэн давуу талыг үүсгэх болно. Алжирийн шигшээ багт 2012 онд дуудагдсан Слимани 44 тоглолтод оролцож, 23 гоол оруулаад байгаа юм.
Шалтгаан 3: Өнөө үед өрсөлдөгчийн талаарх мэдээлэл, судалгаа аливаа спортод хамгийн чухал нөлөөтэй хүчин зүйлсийн нэг болсон. Өнгөрсөн улирал “Лестер сити” клуб ”битүү морь” байсан нь Английн “Премьер лиг”-т түрүүлэх нэгэн чухал шалтгаан болсон. Энэ улирал “Премьер лиг” дэх энэ багийн амжилт буурсан нь ч багууд “Лестер сити” клубын тоглолтыг хэдийн мэдэх болсонтой л холбоотой. Тодорхой нэгэн жишээ гэвэл 2016 оны Европын аварга шалгаруулах тэмцээний хасагдах шатны (шөвгийн 16) Англи, Исландын шигшээ багуудын тоглолт. Энэ тоглолтын өмнөх хэвлэлийн хуралд Исландын шигшээ багийн тамирчид болон 2 дасгалжуулагч “Бид Англитай ойр учраас шигшээ баг болон лигийн тэмцээнүүдийг үргэлж үздэг. Тиймээс баг тамирчдын тоглолтын хэв маяг, онцлог зэргийг хэнээс ч дутахгүй сайн мэднэ. Харин эсрэгээрээ бидний талаар тэд юу ч мэдэхгүй.
Жижиг багт хэн ч анхаарлаа хандуулдаггүй. Энэ бидэнд том давуу тал болно” хэмээж байсан. Энэ нь ч батлагдаж Англичууд нутаг буцсан. Тоглолтын үр дүн Исланд 2:1 Англи. Дэлхий нийтээр алмайрч, Английн шигшээг гутаан доромжилж, шинэчлэл хэрэгтэй болсон гээд олон шүүмжлэлийг дагуулсан. Исландууд дараагийн шатанд шалгарсан. Үүний нэгэн адилаар “Аваргуудын лиг”-т хүч сорьж буй бусад 31 баг Английн аваргуудын тоглолтыг төдийлөн сайн мэдэхгүй. Энэ багт дэлхийд танигдсан, өндөр зэрэглэлийн тамирчин ч байхгүй.
Тиймээс тамирчдынх нь талаар ч бүхнийг үл мэднэ. Хэдий багийн бүрэлдэхүүнийг дэлхийн шилдэг багуудын тамирчидтай харьцуулах аргагүй ч асар том бизнесийн нэг хэсэг болсон хөлбөмбөгийн спортод аливаа баг тэрбумтан эзэнтэй, баян чинээлэг байж л сая цом өргөх боломжтой гэх ойлголтыг тэд халж чадсан. Мөн “Ливерпүүл”, “Челси”, “Манчестер Юнайтед” зэрэг нутаг нэгт шилдэг багууд нь энэ жилийн “Аваргуудын лиг”-т орох эрхээ авч чадаагүй нь тэдэнд ашигтай. Жил жилийнхтэй харьцуулахад “Аваргуудын лиг”-ийн энэ жилийн 32 баг харьцангуй сул байна. Тиймээс “Цөлийн үнэгүүд” хочит “Лестер”-ийн залууст бүх боломж байна. Багийн ахлах дасгалжуулагч Клаудио Раньери ч “Премьер лиг”-ээс илүүтэй “Аваргуудын лиг”-т анхаарлаа хандуулж, Европын тавцанд амжилт гаргахыг хүсэж байгаа юм. Тэд түүхийг бүтээж чадах болов уу?
Энэ оны 9 дүгээр сарын 13-нд эхэлсэн ЕХХ-ны “Аваргуудын лиг”-ийн тэмцээн арван сарын хугацаанд үргэлжилж, 2017 оны 6 дугаар сарын 3-ны өдөр 62 дахь улирлын аварга баг тодорно.
Бэлтгэсэн: О.Сонинбаяр
“Лестер сити” энэ жилийн шуугианаа “Аваргуудын лиг”-т тарих уу | ||
Үзсэн: 1764 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.