Шууд Chart

Робин Ван Перси дахин ”Олд Траффорд”-од…

2016-10-20 13:07:39

Өнөөдөр буюу пүрэв гарагийн шөнө ЕХХ-ны "Европа лиг"-ийн тэмцээний хэсгийн гуравдугаар тойргийн тоглолтууд эхэлнэ. Энэ тойрогт Туркийн лигийн 19 удаагийн аварга "Фенербахче" клуб Английн алдарт "Манчестер Юнайтед" клубын "Олд Траффорд" цэнгэлдэх хүрээлэнд зочлон тоглох юм. Энэ тоглолтын гол онцлог 33 настай Нидерланд довтлогч Робин Ван Перси "Будант Альбион"-д эргэн ирэхэд оршино.

Ван Персигийн тоглож буй "Фенербахче" клуб “Европа лиг"-ийн “А” хэсэгт хуваарьлагдсан. Энэ хэсэгт түүний өмнө нь тоглож байсан “Фэйеноорд” болон "Манчестер Юнайтед" клубууд багтсан нь хачирхалтай. "Фенербахче" клуб одоогоор нэг хожиж, нэг тэнцсэн амжилттай энэ хэсгийг тэргүүлж байна. Тэд Английн багтай өмнө нь 4 удаа учраа таарахад тал тус бүр 2 удаа хожиж байжээ.

2001 онд Нидерландын “Фэйеноорд” клубээс мэргэжлийн тамирчны гараагаа эхлүүлж байсан тэрээр 2004 онд Англид газардсан. Арсен Венгерийн удирдлага дор 2004-2012 он хүртэл “Арсенал” клубын төлөө хүчин зүтгэхдээ албан ёсны 194 тоглолтод оролцож, 96 гоолыг оруулж байсан. Багийн гарааны довтлогчийн эрхийг бүрэн эзэмшиж, олон гоолыг оруулж, баг нь тогтмол лигийн шилдэг дөрөвт багтан “Аваргуудын лиг”-т оролцож байсан ч түүний лигийн аваргын цомыг өргөх хүсэл биелэхгүй байлаа. Робин 8 жилийг “Их буучид”-ын эгнээнд өнгөрүүлэхдээ Английн “Холбооны цом”-ын тэмцээн (FA Cup: 2004/05) болон “Холбооны нэгдсэн цом”-ын тэмцээнд (FA Community Shield: 2004) тус тус нэг удаа л түрүүлсэн.

Ямар ч хаалгачыг гайхшируулах зүүн хөлийн хүчтэй цохилт, хурдан сэтгэх чадвар, торгон мэдрэмж гээд шилдэг тоглолттой байсан “Их буучид”-ын ахлагчийн араас Италийн “Ювентус” болон Манчестер хотын багууд 2012 оноос хөөцөлдөж эхэлсэн. Арсен Венгерийн хувьд Эммануэль Адебайор, Коло Туре, Гаэль Клиши, Самир Насри зэрэг шилдэг тоглогчдоо “Манчестер Сити”-д алдаад байсан тул нөгөө 2 багийг нь илүүд үзэж байлаа. “Ювентус” их хэмжээний мөнгө амласан ч Робин амжилтыг чухалчилсан юм. Угаас тамирчин хүнд мөнгө эсвэл амжилт гэсэн сонголт тохиолдох нь олон.

Улмаар ”Манчестер Юнайтед" клубын домогт дасгалжуулагч Сэр Алекс Фергусон “Арсенал”-ын удирдлагуудтай тохиролцоонд хүрч, 22.5 сая фунтийн үнээр (лигт түрүүлсэн тохиолдолд 1.5 саяыг нэмж өгөх гэрээтэй) багтаа нэгтгэсэн. 2012 оны 8-р сарын 17-ны өдөр Робин Ван Перси "Манчестер Юнайтед" клубтэй 4 жилийн гэрээ байгуулжээ. Манчестер хотноо ирээд багийн туслах дасгалжуулагч Рэне Моленстейний зөвлөснөөр багтаа лигийн 20 дахь түрүүг нь авахад тусална хэмээн билгэшээж, 20 дугаарын өмсгөл дээр өөрийн нэрийг бичүүлсэн. Түүний зорилго "Премьер лиг"-ийн аваргын цом.

2012 оны наймдугаар сарын 18-нд Английн "Премьер лиг"-ийн 2012/13 оны улирал эхэлж, "Манчестер Юнайтед" клуб лигийн нээлтийн тоглолтоо наймдугаар сарын 20-нд “Эвертон” клубтэй хийсэн. Энэ тоглолтын 68 дахь минутад Сэр Алекс Фергусон англи довтлогч Данни Уэлбэкийг сэлгээний сандалд суулгаснаар Нидерланд довтлогч Ван Перси “Улаан чөтгөрүүд”-ийн төлөө анх удаагаа талбайд гарч байлаа. Улмаар үүнээс 5 өдрийн дараа буюу лигийн 2 дугаар тойрогт “Фүлхэм” клубыг талбайдаа хүлээн авахад эхний цохилтоороо энэ багийн төлөөх “дебют” буюу анхны гоолоо оруулсан юм.

2012 оны есдүгээр сарын 2-нд улирлын 3 дахь тоглолтоо “Саутхэмптон” клубтэй хийж, 3:2-ын харьцаатай хожиход Ван Перси 3 гоол оруулж, "Юнайтед”-ын төлөөх эхний “хэт-трик”-ээ толилууллаа. Энэ өдөр оруулсан 3 дахь гоол нь түүний Английн "Премьер лиг”-т оруулж буй 100 дахь гоол байв. Цаашлаад 11 дүгээр сард нь хуучин баг “Арсенал”-ынхаа хаалганд гоол оруулж, гоолын баяраа тэмдэглэсэн нь ихээхэн шуугиан дэгдээсэн. Ингэснээр мөн тэрээр лигийн 20 багийн хаалганд бүгдэд нь гоол оруулсан тамирчин болсон.

2013 оны хоёрдугаар сар гэхэд тэрээр бүх тэмцээний хүрээнд хэдийн 23 гоолыг оруулаад байлаа. Энэ үед "Юнайтед”-ын залуус "Премьер лиг”-ийг удаах багаасаа 12 онооны илүүтэйгээр тэргүүлж байв. Улмаар "Юнайтед”  дөрөвдүгээр сарын 22-нд “Астон Вилла”-гийн эсрэг хийх тоглолтоос бүтэн 3 оноогоо авч чадвал, лиг дуусахаас 4 тойргийн өмнө аварга болох нь тодорхой болох байлаа. Энэ өдөр 3:0-н харьцаатай “Улаан чөтгөрүүд” хожиход Уэйн Рүүнигээс ирсэн алсын дамжуулалтыг Ван Перси шууд агаарт гуядан хаалганд гоол оруулсан нь тус улирлын чимэг болсон юм. Энэ гоолоороо "Манчестер Юнайтед” клубын 2013 оны шилдэг гоолын эзнээр тодорч байлаа.

Удалгүй сүүлийн буюу 38-р тойрог эхэлж, баг тус бүр 38 тоглолтыг хийснээр  улирал дуусахад "Манчестер Юнайтед” 89 оноотой (28 хожил, 5 тэнцээ, 5 хожигдол) лигийг тэргүүлсэн бол өнгөрсөн улирлын түрүү “Манчсестер Сити” 78 оноотой дэд байрт шалгарсан. Ийнхүү Английн "Премьер лиг"-ийн 2012-2013 оны буюу 21 дэх улирлын сүүлийн буюу тавдугаар сарын 19-ний өдөр "Манчестер Юнайтед" клуб 20 дахь удаагаа Английн аварга цолыг хүртэхэд Ван Перси үнэтэй хувь нэмрийг оруулаад байсан тул хэдийн багийн гол тамирчдын нэг болсон байлаа. Зорилгодоо хүрэн лигийн цомыг өргөж, аваргын алтан медалийг энгэртээ зүүсэн тухайн жилээ Ван Перси 26 гоол (Өөрийн талбайд 12, зочлон тоглолтод 14. Нийт гоолын 17-г нь зүүн хөлөөр, 8-г нь баруун хөлөөр, нэгийг нь толгойгоороо) оруулсан амжилтаар 2 дахь жилдээ дараалан лигийн "мэргэн бууч”-аар тодорч, “алтан шаахай” шагналыг хүртсэн. Мөн 114 жилийн түүхтэй "Манчестер Юнайтед" клубын оны шилдэг тоглогчид олгодог Сэр Мэтт Басбигийн нэрэмжит шагналын эзэн болж, лигийн сүүлийн 25 жилийн шилдэг довтлогчоор нэрлэгдсэн. ЕХХ-ны оны шилдэг тоглогчийн шалгаруултад ч эхний аравт багтаж чадсан юм.  

Алдарт Сэр Алекс Фергусон энэ багийг 27 жил удирдахдаа 38 цом хүртсэний 13 нь “Премьер лиг"-ийн аваргын цом. Лигт 13 дахиа түрүүлж, 71 насандаа "Манчестер Юнайтед"-ыг орхихдоо тэрээр Ван Персиг “Бид энэ улирал лигийн эхний 30 учраанаас 25-д нь ялсанаар энэ амжилтыг үзүүлсэн эхний баг болж, түүхэнд нэрээ үлдээлээ. Энэ жил миний залуусыг чиглүүлэх гэрэл нь Робин байлаа. Тэр бол миний сүүлийн топ наймаа. Үнэхээр зөв сонголт байсан гэдгийг олон дахин батлан харууллаа. Тэр анх Манчестерт ирэхдээ хүүхэд байхаасаа энэ багийг дэмждэг байсан.

Нидерландад өссөн хүүхэд бүрийн хүсэл “Манчестер”-ын төлөө тоглох байсан талаар надад хэлж байсан. 16 настай хүү “Фэйеноорд” клубт гялалзаж байхад нь би тоглолтыг нь үзэхээр очиж байсныг тэр бас сайн санадаг. Тухайн үед Персигийн төлөөх өрсөлдөөнд “Арсенал” ялалт байгуулж, түүнийг багтаа авсан ч Робин Манчестерт ирсэн эхний улиралдаа л лигийн аварга болж чадлаа. Би сэтгэл хангалуун байна. Боломж байсан бол түүнтэй илүү олон жил хамт ажиллахыг хүсэж байна. Сүүлийн улирлаа 20 дахь түрүү гэсэн алдраар чимж чадсандаа баяртай байна. Робин болон багийн залуус маань үүнийг цаашид улам нэмэгдүүлнэ гэдэгт итгэж байна” хэмээн дүгнэсэн байдаг.  

Фергие багаа орхисон нь Ван Персигийн амжилт болон тоглолтод шууд нөлөөлсөн. Түүнийг явсаны дараа буюу 2013-2014 оны улирал “Эвертон” клубын дасгалжуулагч Дэвид Мойес “Манчестер Юнайтед”-ыг удирдах болсон. Энэ улирал багийн амжилт буурч, Робин “Премьер лиг”-т 12 гоол оруулав. Дараа улирал нь түүний шигшээ багийн дасгалжуулагч, 65 настай Нидерланд эрхэм Луй Ван Гаал энэ багт ирсэн ч багийн тоглолтын хэв маяг, систем урьдынхаас улам өөрчлөгдсөөр байлаа. Түүний бөмбөг болон талбайг мэдрэх хурц мэдрэмжтэй, хурдтай, гол нь хамгаалалтыг задалсан, шилжилт ихтэй, сул зайд гүйсэн тоглолтыг ашиглаж чадахгүй байлаа. 2014/15 оны улирал Ван Гаалын удирдлага дор “Премьер лиг”-т 27 тоглолт хийсэн ч улирлыг 10 гоолтой л дуусгасан юм.

Энэ улирлын дараа буюу 2015 оны долдугаар сарын 14-нд Робин Туркийн “Супер лиг”-ийн “Фенербахче” клубт 3.84 сая фунтээр ирж, 3 жилийн гэрээг байгуулсан. Түүний Турк дэх эхний буюу 2015-2016 оны улирал 48 тоглолтод оролцож, 22 гоол оруулсан амжилттай өндөрлөсөн. Харин Нидерландын шигшээ баг нь 2016 оны ЕАШТ-ий урьдчилсан шатанд хангалтгүй тоглож, “Евро-2016” тэмцээнд оролцох эрхээ авч чадаагүй. 2005 оноос шигшээ багтаа дуудагдсан тэрээр “Улбар шарууд”-ын төлөө 50 гоол оруулсан амжилтаараа бүх цаг үеийн “мэргэн бууч”-аар тодроод байна.  

Робин Ван Перси одоо Туркийн багийн хамтаар 2 дахь улирлаа эхлүүлээд байгаа юм. Тэрээр өнөөдөр 33 насандаа “Фенербахче” клубын 10 дугаарын өмсгөлтэйгээр "Олд Траффорд”-ын ногоон зүлгэн дээр “хөл тавих” гэж байна.

Нийтэлсэн: О.Сонинбаяр

Робин Ван Перси дахин ”Олд Траффорд”-од…  
Үзсэн: 1652 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй