Өнөөдөр орон нутгийн цагаар өглөөний 7 цагийн үед Умард Солонгос ээлжит пуужингийн туршилтаа хийхийг завдсан ч дахин бүтэлгүйтсэн тухай Өмнөд Солонгосын талаас мэдэгдлээ. Умард Солонгос баруун хойд нутгийн Кусон хотын Бангион нисэх онгоцны буудлын ойролцоо газраас дунд тусгалын баллистик пуужин турших оролдлого хийсэн нь мөн л бүтэлгүйтсэн болохыг АНУ болон Өмнөд Солонгосын тал баталж байна.
"Мусудан" нэртэй шинэ загварын пуужинг өнгөрсөн бямба гарагт Умардын талаас мөн энэ байрлалаас харвахыг завдсан нь бүтэлгүйтсэн ч ийнхүү дахин туршилт хийхийг оролдлоо гэж Өмнөдийн албаныхан мэдэгджээ. 19 метрийн урттай энэхүү баллистик пуужин нь АНУ-ын цэргийн баазууд байрладаг Гуам арал хүрэх тусгалтай юм байна.
Өөрөөр хэлбэл Умардын талаас хэрвээ хүсвэл Америкийн цэргийн баазууд руу пуужин харвах чадамжтай болсон гэдгийг энэ удаагийн туршилтаар харуулж байна. Умард Солонгосын талаас өнгөрсөн зургаадугаар сард хийсэн пуужингийн туршилтынхаа дараагаар тус улс 1400 км-ийн өндөрт хөөрч, усан дээгүүр 400 км замыг туулж зорилтот байндаа тусах хүчин чадалтай пуужинтай болсноо мэдэгдэж байсан.
Ийнхүү БНАСАУ Солонгосын хойгийн аюулгүй байдалд заналхийлсээр байгаа учир АНУ, Өмнөд Солонгос пуужин эсэргүүцэн хамгаалах ТХААД системийг аль болох ойрын хугацаанд Өмнөд Солонгосын нутаг дэвсгэрт байрлуулахаас аргагүй болж байна гэдгийг АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Жон Керри өчигдөр Вашингтонд хийсэн хэвлэлийн бага хурлынхаа үеэр мэдэгджээ. ТХААД системийг байрлуулахыг Хятадын талаас хүчтэй эсэргүүцэж байгаа. Түүнчлэн ОХУ Хятадын энэ эсэргүүцсэн байр суурийг дэмжиж, Америкийн стратегийн зэвсгийг Өмнөд Солонгосын нутагт байрлуулахгүйн төлөө хамтран тэмцэнэ гэдгээ саяхан илэрхийлсэн юм.
| Умард Солонгосын ээлжит пуужингийн туршилт дахин бүтэлгүйтлээ | ||
| Үзсэн: 651 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.