Шууд Chart

Завхан аймагт усны нөөц хомсдож байна

2016-10-21 15:31:51

Завхан аймгийн төв Улиастай хотын хэмжээнд одоогоор 17 усан сан, 6 худаг  үйл ажиллагаагаа явуулж байгаа. Иргэдийн ундны усны эрүүл ахуйн тухай мэдлэг тийм ч хангалттай бус байдаг. Тиймээс энэ талаар ард иргэдэд зөв  мэдээлэл өгснөөр иргэд аль болох эрүүл ахуйн шаардлага хангасан саванд хэрэглээний усаа авахыг зорьдог болжээ. Тус аймгийн гадаргын усны нөөц 3.16 км.куб, газрын доорхи усны нөөц 1.14 км.куб гэж тогтоогдсон боловч үүнээс ашиглах боломжтой нь 0.57 км.куб байдаг байна. Чигэстэй голын урсацын хэмжээ гэхэд сүүлийн 30-аад жил тасралтгүй буурч зарим хэсэгтээ тасарчээ. Усны нөөц жилээс жилд хомсдож байгаа энэ үед иргэдэд зөв мэдээлэл өгөх зайлшгүй шаардлагатай байгаа юм. Тиймээс Ус дэд хөтөлбөрт мониторинг хийж байгаа "Өрнөх хөгжил" төрийн бус байгууллага ус ашигладаг байгууллага иргэд, ус түгээдэг ажилтан, албан хаагчдад мэдээлэл сургалт хийснээр иргэдийн мэдлэг хандлага тодорхой хэмжээгээр сайжирчээ.

Уур амьсгалын өөрчлөлт, дулааралтай холбоотойгоор усны нөөцийг бохирдол хомсдлоос хамгаалах, зохистой ашиглах, хүн амыг эрүүл ахуйн шаардлагад нийцсэн усаар хангах нөхцөлийг бүрдүүлэх үүднээс "Ус" үндэсний хөтөлбөрийг 2011 оноос эхлэн хэрэгжүүлж байгаа. Харин орон нутагт дэд хөтөлбөрийн эхний шат 2015 онд хэрэгжиж дууссан бол 2-р үе шатыг  2016-2021онд хэрэгжүүлэхээр ажлын төлөвлөгөөгөө боловсруулжээ.

Завхан аймагт ус хэрэглээний түвшин харилцан адилгүй байдаг бөгөөд орон сууцны айл өрхүүд хоногт дунджаар 210 л ус, гэр хорооллын оршин суугчид 5-8 л ус хэрэглэдэг байна. "Өрнөх хөгжил" төрийн бус байгууллага нөлөөллийн ажлуудыг хийснээр усны хэрэглээний талаарх иргэдийн ойлголт мэдлэг сайжирч, Улиастай сумын төвлөрсөн усан хангамжийн эрүүл ахуй, ус түгээлт, хэрэглээнд төрийн болон олон нийтийн хяналт оролцоо нэмэгдэнэ гэж үзэж байгаа юм.

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Завхан аймагт усны нөөц хомсдож байна  
Үзсэн: 1339 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй