“Оюу толгой” компани 2016 оны 3 дугаар улирлын үйлдвэрлэлийн тайлангаа энэ сарын 21-нд танилцууллаа. Өнгөрсөн улиралд ”Оюу толгой” компанийн аюулгүй ажиллагааны үзүүлэлт өндөр хэвээр байж, 25 сая тонн материал тээвэрлэсэн түүхэн амжилтыг үзүүлжээ. Мөн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажил эрчимтэй үргэлжлэн, чухал гэрээнүүдийг байгуулсан байна.
“Оюу толгой” компанийн өнгөрсөн улиралд аюулгүй ажиллагааны үзүүлэлтээ өндөр хэвээр хадгалж, 2016 оны 9 дүгээр сарын 30-аар дуусгавар болсон есөн сарын хугацаанд 200 мянган ажилласан цагт оногдох гэмтэл, бэртлийн давтамжийн үзүүлэлт 0.15 байжээ.
2016 оны 3 дугаар улиралд материал тээвэрлэлт 25 сая тонныг давсан нь үйлдвэрлэл эхэлснээс хойш хамгийн өндөр үзүүлэлт болж байна. Энэхүү дүнд ил уурхайн 4 дүгээр үе шат буюу дараагийн өндөр агуулга бүхий хүдэртэй талбайн хөрс хуулалтын ажил багтсан аж.
Баяжуулах үйлдвэрийн төлөвлөгөөт үйлчилгээ, туузан дамжуулагчийн засвартай холбоотойгоор 3 дугаар улиралд боловсруулсан хүдрийн хэмжээ өмнөх улирлынхтай харьцуулбал 4.0 хувиар буурсан байна. Харин 3 дугаар улирлын зэсийн үйлдвэрлэл 2 дугаар улирлаас 9.9 хувиар буурсан нь 6 дугаар үе шатны хүдрийн металлын агууламж бага байсантай холбоотой юм.
Гүний уурхайн бүтээн байгуулалтын ажил эрчимтэй үргэлжилж байна. 2016 оны 3 дугаар улиралд 5 дугаар босоо амын нэвтрэлт, налуу амын малталтын ажлыг эхлүүлж гүний уурхай дахь байгууламжуудын барилгын ажлыг эрчимтэй үргэлжлүүлж байна. “Оюу толгой” компани гүний уурхайн 2 болон 5 дугаар босоо амын нэврэлтийг хийлгэхээр Хасу Мегаватт болон Редпафын хамтарсан “Даян Контракт Майнинг”-тай гүний уурхайн бүтээн байгуулалт болон туслах үйлчилгээний гэрээг саяхан байгуулсан. 2016 оны 3 дугаар улирлын төгсгөлд гүний уурхайн ажиллах хүчний тоо ойролцоогоор 1,600-д хүрсэн бол 2016 оны төгсгөлд 2,400 хүрнэ гэсэн тооцоотой байна. “Туркойз хилл” компани энэ онд “Оюу толгой”-гоос 175,000 – 195,000 тонн баяжмал дахь зэс, 255,000 – 285,000 унци баяжмал дахь алт үйлдвэрлэх төлвөө хэвээр хадгалж байгаа ажээ.
"Оюу толгой" компанийн гүний уурхайн ажилчдын тоо 2400-д хүрэх тооцоо гарчээ | ||
Үзсэн: 1502 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.