Хүн төрөлхтөнд аюул заналхийлсэн "Исламын улс" алан хядагч бүлэглэлийнхний хамгийн сүүлийн бэхлэлт хот болсон Мосулыг тэднээс чөлөөлөх ажиллагаа эхэлснээс яг 7 хоног өнгөрч байна. Энэ хугацаанд Иракийн арми болон түүний холбоотон, Курдын дайчид ялалт байгуулсаар, хотоос 8 км-ийн зайд хүрч очоод байгаа аж.
Тэд Хотын зүүн болон өмнөд талаас нь дайрч хотын хэд хэдэн суурин, тосгоныг эзлэн аваад байгаа юм. Хамгийн сүүлд Курдын дайчид Башика хотыг эзлэн авсныхаа дараагаар "Исламын улс" бүлэглэлийн орогнож байгаа байрлал руу ойртож очоод байгааг командлагч нь мэдэгдлээ. Өнгөрсөн амралтын өдрүүдэд үргэлжилсэн энэ ажиллагаанд Туркийн арми танк болон хуягт буугаар дэмжлэг үзүүлэн оролцсон байна. Энэ хот нь Туркийн цэргийн баазаас холгүй оршдог тул Курдын дайчид тусламж хүссэн гэж Туркийн ерөнхий сайд Бинали Йылдырым телевизэд өгсөн ярилцлагадаа онцолсон юм. Бүс нутгийн аюулгүй байдал, алан хядагчидтай тэмцэх энэ ажиллагаанд Турк улс татагдан орсон нь өөрсдийн үүрэг оролцоо, байр суурийг батлан харуулах гэсэн оролдлого гэж ажиглагчид харж байна.
АНУ Туркийг энэ ажиллагаанд оролцох хэрэгтэй гэж ятгаж байсан ч Иракийн ерөнхий сайд үүнд эсрэг байр суурьтай байсан юм. Тэрээр өнгөрсөн бямба гарагт хийсэн мэдэгдэлдээ “Бид Туркийн тусламжгүйгээр алан хядагчидтай тэмцэж чадна” гэж байсан ч ням гарагаас эхлэн Туркийн дайчид Мосулыг чөлөөлөх ажиллагаанд оролцож эхэллээ. "Исламын улс" бүлэглэлийнхэн энэ бүхнийг зүгээр хараад суугаагүй нь ойлгомжтой. Тэд энэ ажиллагааны хариуг барьж, нийслэл Багдад болон Киркук хотуудад амиа золиослогч этгээдээр дамжуулан бөмбөг дэлбэлж, эмнэлэг, цагдаагийн газар зэрэг хэд хэдэн захиргааны байруудыг сүйтгэсэн юм.
Мөн өнгөрсөн баасан гарагт Мосул хотын гаднах хүхрийн үйлдвэрийг дэлбэлж, агаарт хорт хий тархсаны улмаас нэг мянга гаруй хүн эмнэлэгт хүргэгдсэн. Үүнээс гадна 1 сая орчим энгийн иргэн хотын дотор, алан хядагчдын амьд бамбай болсон хэвээр байгааг олон улсын хүний эрхийн байгууллагаас сануулсаар байгаа юм. Хотын гадна дүрвэгчдийн суурингууд барьсан бөгөөд ойролцоогоор 700 мянган хүнд хоргодох байр хэрэгтэй болно гэж НҮБ-аас таамаглаж байна.
| Мосулыг чөлөөлөх ажиллагаа амжилттай үргэлжилж байна | ||
| Үзсэн: 574 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.