Монгол Улсын хэмжээнд шүүн таслах ажиллагааг нийт 101 шүүх хэрэгжүүлдэг. Үүнээс зөвхөн шүүхийн зориулалтын стандартын танхимтай ганц шүүх байгаа нь Нийслэлийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх юм.
Бусад шүүхийн хувьд зориулалтын бус танхимд шүүн таслах үйл ажиллагаа явуулж , хараат бус байдал нь хэн нэгнээс хамааралтай байх нөхцөл байдалд ажиллаж байгаа талаар Шүүхийн хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс өнөөдөр танилцуулсан юм.
Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй шүүхийн 36 нь өөрийн мэдлийн байртай боловч байрны насжилтын хугацаа хэтэрч нурах аюултай, хөгц мөөгөнцөрт баригдсан, актлагдсан байшинд хүндхэн нөхцөлд үйл ажиллагаа явуулж буй шүүхүүд олон байдаг ажээ.
Монгол Улсад байгаа шүүхийн байрны насжилтын хувьд 22 нь 1-25 жил, 15 нь 26-40 жил, дөрөв нь 41-55 жил ашиглагдсан байдаг бол Завхан аймгийн шүүх, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн хэргийн анхан шатны шүүх байр 60 жил болж, ашиглалтын хугацаа нь дуусчээ.
Үүгээр ч зогсохгүй нийт шүүх байрны 65.1 хувь нь засвар үйлчилгээ огт хийгээгүй ба сүүлийн гурван жил шүүх байгууллагын төсвийг тэглэж, нэг ч тоосго нэмж барих хөрөнгө тусгаагүй байна.
Өөрийн байргүй таван шүүх байгаа бөгөөд тэдгээр шүүхүүд өнөөдөр өөр байгууллагын мэдлийн байранд үйл ажиллагаа явуулж байна. Дархан-Уул аймаг дахь анхан шатны шүүх ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэрэг эрхлэх газрын “Хилийн чанад дахь өмчийн удирдах газрын байр”-ыг түрээслэж үйл ажиллагаа явуулдаг. Мөн Багануур дүүргийн шүүхийн тамгын газар түрээсийн байранд үйл ажиллагаа явуулж байна.
Үүнээс гадна хэргийн оролцогч болох прокурорын байртай хамт байрладаг долоон шүүх байдаг ажээ.
| Монголд зориулалтын байргүй таван шүүх бий | ||
| Үзсэн: 726 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.