Шууд Chart

Кале хотын дүрвэгсдийг нүүлгэн шилжүүллээ

2016-10-25 11:43:58

Францын хойд хэсгийн Кале хотын цагаач, дүрвэгсдийн сууринг буулгаж, иргэдийг нь нүүлгэн шилжүүлж эхэллээ. Дүрвэгсдийн “ширэнгэн ой” гэж нэрлэгддэг Кале хотын суурингаас 2000 гаруй дүрвэгч, цагаачийг өчигдөр нүүлгэн шилжүүлсэн байна. Францын Засгийн газар энэ ажиллагаанд зориулж, 60 автобус гаргаж, тэднийг хүлээн авч байрлуулах 450 гаруй төвийг байгуулжээ.

Төлөвлөгөө ёсоор өнөөдөр сууринг бүхэлд нь нураах юм байна. Энэ сууринд Африк, Ойрхи Дорнодоос ирсэн 10.000 гаруй цагаач дүрвэгч өнгөрсөн жилийн зунаас хойш Англи руу гарах боломжийг хүлээн амьдарч байгаа юм. Энд гэмт хэргийн зөрчил, ахуйн ариун цэвэр дээд цэгтээ хүрч алдагдаж байгаа учир сууринг татан буулгаж, иргэдийг өөр газрууд руу тараан байршуулах шийдвэрийг Францын Засгийн газраас гаргасан юм.

Англи руу дүрвэхийг хүссэн дүрвэгч, цагаачид далай доогуурх сувгаар дамжин тус улс руу хүрэх ачааны машин руу авирах, зүүгдэх зэргээр эрсдэлтэй алхамууд хийж, улмаар амь насаа алдах үзэгдэл энэ сууринд түгээмэл болсон байна. Өнгөрсөн хугацаанд Английн талаас харж хандах хүнгүй 1300 гаруй хүүхдийг суурингаас татаж авсан ч бусад дүрвэгчийг хүлээн авахаас татгалзаад байгаа юм.

Кале хотын дүрвэгсдийн сууринд амьдарч байгаа иргэдийн ярьж байгаагаар тэдний амьдрах нөхцөл маш хүнд, майхны оронд контейнерт амьдарч байгаа нь хүүхэд, эмэгтэйчүүдэд хүндээр тусч байна гэсэн юм. Гэсэн ч нэгэнт Англи руу дүрвэн гарахаар зорьсон зарим дүрвэгч, цагаачдын хувьд эндээс явахыг хүсэхгүй байна. Тэд ням гарагийн шөнө сууринг татан буулгах шийдвэрийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлж үймээн үүсгэжээ. Энэ үеэр цагдаа нар нулимс асгаруулагч хий ашиглан эсэргүүцэгчдийг дарж авчээ. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Кале хотын дүрвэгсдийг нүүлгэн шилжүүллээ   
Үзсэн: 527 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй