Өнгөрсөн онд дэлхийн агаар мандал дахь хүлэмжийн хийн түвшин дээд цэгтээ хүрсэн болохыг Дэлхийн цаг уурын байгууллагын тайланд онцолсон байна. Хүлэмжийн хийг бүрдүүлдэг гол гурван хүчин зүйл болох нүүрстөрөгчийн давхар исэл, метан, азотын ислийн түвшний харьцуулсан судалгааг өчигдөр танилцууллаа.
Дэлхийн цаг уурын байгууллага энэхүү тайланг гаргахын тулд дэлхий даяар үйл ажиллагаа явуулж байгаа ус цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгүүдээс мэдээлэл авч, боловсруулан, анализ хийдэг байна. Өнгөрсөн жил нүүрстөрөгчийн давхар ислийн агууламж 400 пи пи эм буюу 1 литрт 400 миллаграмм агуулагдаж, 1984 оноос хойш дэлхий даяар уур амьсгалын өөрчлөлтийг судласнаас хойших хамгийн муу үзүүлэлтийг харуулсныг тайланд дурджээ.
Өөрөөр хэлбэл, 2014-2015 оны хооронд нүүрстөрөгчийн давхар ислийн агууламжийн өсөлт 2.3 пи пи эм нэгжээр өссөн байна. Уг нь өмнөх арван жилийн хугацаанд жилийн дундаж өсөлт 2 пи пи эм байсан юм. Энэ удаад ийнхүү өссөн нь хэд хэдэн хүчин зүйлээс хамааралтай болохыг мэргэжилтнүүд тайлбарлаж байна.
Тухайлбал, өнгөрсөн онд халуун бүсийн орнуудад хэт халж, хур тунадас бага унаснаас үүдэлтэй ойн түймэр их гарсан нь нүүрстөрөгчийн ялгаруулалтыг нэмэгдүүлэхэд голлон нөлөөлсөн байна. Үүний зэрэгцээ метан болон азотын ислийн агаар мандал дахь агууламж 1 литрт 1845 микрограмм болон 328 микрограмм-д тус тус хүрсэн нь мөн л хамгийн муу үзүүлэлт болж байна.
Иймд мэргэжилтнүүд уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахын тулд хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулахад илүү их хүчин чармайлт гаргахыг улс орнуудаас шаардаж байна.
| 2015 онд агаар мандал дахь хүлэмжийн хийн түвшин дээд цэгтээ хүрчээ | ||
| Үзсэн: 1074 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.