Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро өөрийг нь огцруулахыг шаардаж байгаа өрсөлдөгчидтэйгээ яриа хэлэлцээрийн ширээний ард суух санаанд оромгүй алхам хийлээ гэж барууны хэвлэлүүд тэмдэглэж байна.
Тэрбээр Ватиканд Католик шашны тэргүүн Францистай төлөвлөгдөөгүй уулзалт хийснийхээ дараагаар ийм шийдвэрт хүрснээ мэдэгджээ. Учир нь пап лам Францис Венесуэлчүүдийн дуу хоолойг сонсож, улс эх оронд нь үүсээд байгаа хямралыг аль болох нааштайгаар шийдвэрлэх алхмыг сонгон, яриа хэлэлцээ эхлүүлэхийг талуудаас шаардсан байна.
Албаны эх сурвалжийн мэдээлж байгаагаар “үндэсний” гэж тодотгож байгаа энэ яриа хэлэлцээ аль хэдийнэ эхэлчихсэн гэж байна. Автобусны жолоочоос ажлын гараагаа эхэлж, эвслийн удирдагч хүртэл хийж явсан Ерөнхийлөгч Николас Мадуро Венесуэлийн эдийн засгийг шалдаа буутал нь дампууруулсан хэрэгт буруутгагдаад байгаа юм. Сөрөг хүчнийхэн асар их газрын тосны нөөцтэй энэ улс сүүлийн хэдэн жил бараа бүтээгдэхүүний хомсдолд орж, инфляци дээд цэгтээ хүрч хямарсан нь Ерөнхийлөгчийн буруу бодлогын үр дүн гэж харж байгаа юм. Иймд Николас Мадурог огцруулах ажлыг эхлүүлсэн ч Сонгуулийн ерөнхий хорооноос шүүхийн шийдвэрийн дагуу энэ ажиллагааг түр зогсоож байгаагаа өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн юм.
Одоогийн Ерөнхийлөгчийг хугацаанаас нь өмнө огцруулах бүх нийтийн санал хураалт явуулахын тулд гурван үе шаттай ажил хийгдэх юм. Нэгдүгээрт, Венесуэлийн 24 мужийн нийт сонгогчийн нэг хувь 200.000 хүнээр гарын үсэг зуруулах бөгөөд сөрөг хүчнийхэн аль хэдийнэ цуглуулж чадсан байна. Харин дараагийн алхам болох нийт сонгогчийн 20 хувь буюу 4 сая хүний гарын үсгийг 3 өдрийн дотор цуглуулах ажил түр хойшлогдоод байгаа юм. Хэрэв үүнийг цуглуулж чадвал бүх нийтийн санал хураалт явуулж, 2013 оны дөрөвдүгээр сард Николас Мадурогийн авч чадсан 7 сая 587 мянган хүнээс илүү тооны сонгогчдын саналыг авч байж одоогийн Ерөнхийлөгч огцрох боломжтой болох юм.
| Венесуэлийн Ерөнхийлөгч сөрөг хүчнийхэнтэй хямралыг зохицуулах яриа хэлэлцээг эхлүүллээ | ||
| Үзсэн: 1065 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.