Хүний эрхийг хамгаалагч болон хүмүүнлэгийн 80 гаруй байгууллага НҮБ-ын хүний эрхийн асуудал эрхэлсэн зөвлөлөөс ОХУ-ыг хасахыг шаардсан байна.
Индепэндэнтэд энэ шаардлагыг нь нийтэлснийг олон улсын хэвлэлүүд дамжуулж байна. НҮБ-ын хүний эрхийн зөвлөлийн бүрэлдэхүүнийг сонгох санал хураалт ирэх баасан гарагт болох гэж байгаа юм. Үүнд ОХУ, Унгар, Хорват улс Зүүн Европын орнуудыг төлөөлөх эрхийн төлөө өрсөлдөх гэж байгаатай холбоотойгоор хүмүүнлэгийн болон хүний эрхийн байгууллагууд энэ асуудлыг хөндөж буй юм байна. Олон улсын байгууллагууд Москвагийн Сири дэх бодлогыг буруушаан шүүмжилж ийм шаардлага тавьж байгаа юм байна.
Тодруулбал, ОХУ-ын Сири дэх бодлого хүний эрхийг хамгаална гэсэн мэдэгдлийнх нь эсрэг байгааг тэмдэглэсэн байна. Мөн ОХУ НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүний хувиар Сирийн Алеппо хотод гал зогсоох тогтоолын төсөлд хориг тавьж, агаарын цохилтоо үргэлжлүүлсээр байгаа нь хүний эрхийн зөвлөлийн зарчим, зорилго, зорилттой нийцэхгүй байна гэж үзэж буй юм байна.
Хүмүүнлэгийн болон хүний эрхийн байгууллагуудын энэ мэдэгдэлд "Human Rights Watch", "Care International" зэрэг байгууллагынхан нэгдэж гарын үсгээ зурцгаасан юм байна. Өнгөрсөн 7 хоногт НҮБ-ын хүний эрхийн асуудал эрхэлсэн зөвлөл Женев дэх тусгай чуулганаараа Их Британийн санал болгосон Сирийн асуудлаарх тогтоолыг дэмжсэн юм. Энэ тогтоолд Сирийн мөргөлдөөнд оролцогч талуудаас тэр дундаа Сирийн эрх баригчид болон түүний холбоотнуудаас олон улсын хүний эрхийг хамгаалахад чиглэгдсэн бүх үүргээ нэн даруй биелүүлж, НҮБ-ын аюулгүйн зөвлөлийн тогтоолд заасан дүрэм журмыг хэрэгжүүлэхийг шаардсан байгаа юм.
ОХУ-ын хувьд өнгөрсөн пүрэв гарагт өргөн барьсан энэ тогтоолын төсөлд хэд хэдэн нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзээд дэмжээгүй билээ. Үүний зэрэгцээ Москва НҮБ-ын хүний эрхийн асуудал эрхэлсэн зөвлөлийн Алеппогийн асуудлыг хөндсөн тусгай чуулган зохион байгуулах шаардлагагүй гэж үзэж байгаа юм.
Сирийн Засгийн газрын цэргүүд Оросын агаарын сансрын хүчний дэмжлэгтэйгээр Алеппо хотын зэвсэгт дайчдад эзлэгдсэн хорооллуудад өргөн хүрээтэй дайралт хийсээр байгаа юм. Барууны орнууд Дамаск Москвагийн энэ үйлдэл Алеппо хотыг хүмүүнлэгийн сүйрэл хүргээд байна гэж буруутгаж байгаа юм. Харин ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас сайтар нягталсны үндсэн дээр зөвхөн террористуудын байрлалуудад агаарын цохилт өгч байгааг нэг бус удаа мэдэгдэж байгаа билээ.
Түүгээр ч зогсохгүй ОХУ-ын Гадаад хэргийн орлогч сайд Сергей Рябков барууныхныг Алеппо хотын хүмүүнлэгийн байдалд санаа зовоод байгаа юм байхгүй. Харин ОХУ-ын хувьд таагүй улс төрийн нөхцөл байдал үүсгэхийн тулд асуудлыг дэвэргэж байна гэж үзэж байгаагаа мэдэгдсэн билээ.
| НҮБ-ын хүний эрхийн зөвлөлөөс ОХУ-ыг хасахыг шаардаж байна | ||
| Үзсэн: 1178 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.