АНУ-ын Үндэсний тагнуулын газрын дарга Жеймс Клеппер Умард Солонгосыг цөмийн зэвсгээс татгалзуулах урт хугацааны бодлого, зорилт энэ байдлаар хэзээ ч бүтэшгүй даалгавар болоод байгааг онцлон тэмдэглэлээ. Тэрбээр Пхеньяны дэглэмийг паранойд хам шинжтэй адилтгасан байна. Өөрөөр хэлбэл, бусад улс орнууд өөрсдийг нь хорлох гэж байна гэж сэтгэн зэвсгээр хөөцөлдөж байна гэсэн юм.
Учир нь олон улсын зүгээс Умардад удаа дараа шахалт, шаардлага хүргүүлж байгаа боловч цөмийн болоод пуужингийн туршилтуудаа үргэлжлүүлсээр байгаа юм. Үүний зэрэгцээ Умард Солонгост хүний эрх ноцтой зөрчигдөж байгааг үндэс болгон АНУ-ын зүгээс Умардад тавьсан хоригийнхоо жагсаалтыг нэмэгдүүлэх төлөвлөгөөтэй байгаагаа танилцууллаа.
АНУ өнгөрсөн 7 дугаар сараас эхлэн Умардын удирдагч Ким Чен Ун болон бусад өндөр албан тушаалтнуудын дансыг энэ хэрэгтэй холбогдуулан царцаасан. Гэтэл Умардад хүний эрхийн зөрчил тасрахгүй үргэлжилсээр байгаа учир авах арга хэмжээгээ улам бүр чангатгахаар болжээ. Төлөөлөгч Басбигийн танилцуулж байгаагаар АНУ энэ удаад Умардын ажиллах хүчнийг ашиглаж байгаа аж ахуй нэгжүүд рүү чиглэсэн хориг арга хэмжээ авахаар төлөвлөж байна. Учир нь хилийн чинадад ажиллаж байгаа Умардын иргэдийн эх орон руугаа явуулж байгаа мөнгө тус улсын цөмийн болон пуужингийн хөтөлбөрүүдийг санхүүжүүлж байна гэж буруутгаж байгаа юм. Умардын ажиллах хүчний дийлэнх нь Хятад болоод ОХУ-д байдаг.
Манай улсад ч бас тус улсын иргэд хөдөлмөр эрхэлдэг. Тэгвэл Америкийн талаас Умардын ажиллах хүчнийг хавчих бодлого хэрэгжүүлэхийн тулд Япон, Өмнөд Солонгос, Хятад руу өөрийн төлөөлөгчөө илгээж, энэ асуудлыг хэлэлцүүлэхээр болж байна.
| Пхеньяны цөмийн зэвсгийн эсрэг АНУ-ын төлөвлөгөө биелэгдэхгүй нь | ||
| Үзсэн: 1813 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.