Шууд Chart

Мэгжид Жанрайсиг шүтээнийг сэргээн залсны 20 жил маргааш тохионо

2016-10-26 15:25:47

Мэгжид Жанрайсиг шүтээнийг сэргээн залж, аравнай өргөөд 20 жил өнгөрч байна. 1996 оны аравдугаар сарын 27-ны өдөр анх энэхүү шүтээнийг сэргээн залж, аравнай өргөж байжээ.

1991 онд Ерөнхийлөгч П.Очирбат “Мэгжид Жанрайсиг шүтээнийг бүтээн залах тухай” 33 дугаар зарлигийг гаргаснаас хойш таван жилийн дотор бурханыг бүтээж Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдэд залсан юм.

Анх  1911 онд Богд хаант Монгол Улсыг тунхаглахад тус шүтээнийг бүтээх тухай лүндэнг VIII богд Жавзандамба хутагт буулгажээ. “Бүхнийг энэрэн өршөөгч, мэлмийг нээгч” хэмээн Жанрайсиг шүтээнийг  Богд хаан Монгол Улсын тусгаар тогтнолд зориулан  олон түмний өглөг буянаар байгуулсан  байдаг.  Тухайн үед  300 000 лан мөнгө зарцуулж Жанрайсигийг бүтээсэн  ч 1930-аад оны сүүлчээр буулгажээ. Харин  1988 онд  ардчилал дэлгэрэх нөхцөл бүрдсэн үед сүсэгтнүүдийн санаачилгаар гурван сая гаруй төгрөгөөр сүмийг сэргээсэн байна.

Мөн бурхан шүтээнийг залах шаардлагатайг Засгийн газраас Ерөнхийлөгчид өргөн мэдүүлжээ. Ингээд 80 тохой өндөртэй /27 метр/ Мэгжид Жанрайсиг бурханыг “Эрдэнэт”-ийн зэсээр урлан бүтээсэн  ба  мутарт нь 1400 шахам грамм хорголон алт оржээ.

Бие, өлмий, чимэглэл сэлтэд наяад мянган хуудас алт, 20 орчим төрлийн хоёр мянга гаруй чулуун шигтгээ урлан хийсэн байна. Тариа будааны дээж, Ганжуур, Данжуур, соёмбо, түмэн наст хээгээр чимэглэсэн морин хуур тэргүүтнийг шүншигт залсан байдаг.

1993 оны хоёрдугаар сарын 24-ний өдөр тусгайлан барьсан гэрийн хойморт ардын зураач Н.Жамбаагийн бүтээсэн Мэгжид Жанрайсиг бурханы 70 см өндөр гипсэн дүрийг залж, сүсэгтэн олноо толилуулан 50 сая төгрөг санд төвлөрүүлснийг  тухайн үеийн  Соёлын сангийн тэргүүн Г.Мэнд-Ооёо өгүүлсэн байдаг.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Мэгжид Жанрайсиг шүтээнийг сэргээн залсны 20 жил маргааш тохионо   
Үзсэн: 2949 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй