Шууд Chart

Гадаад паспортын нийлүүлэлтийг нэмэгдүүллээ

2016-10-28 13:48:47

Засгийн газрын 100 хоногийн хүрээнд Хууль зүй дотоод хэргийн яамны харьяа агентлагуудын төлөөлөл энэ долоо хоногт онцлох ажлуудаа олон нийтэд танилцуулж байгаа билээ. Өнгөрсөн даваа гарагт ЦЕГ, ШШГЕГ, лхагва гаригт ХХЕГ, Гадаадын иргэн, харьяатын газрын удирдлагууд мэдээлэл хийсэн юм. Тэгвэл өнөөдөр ОӨУБЕГ, Архивын Ерөнхий газрынхан өнгөрсөн 100 хоногт авч хэрэгжүүлсэн онцлох ажлуудаа нэрлэж байна.

Тухайлбал, Гадаад паспортын бэлдэцийн хангамжийг нэмэгдүүлэх ажлыг шуурхай зохион байгуулж дөрвөн удаагийн татан авалтаар нийт 80 гаруй мянган ширхэг бэлдэцийг нийлүүлж хэвийн үйл ажиллагааг хангав.  Төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх, шат дамжлагыг бууруулах зорилтын хүрээнд зуун айл дахь үйлчилгээний төвлөрлийг сааруулах гадаад паспортын хүчинтэй хугацааны сунгалтын үйлчилгээг дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст шилжүүлэхээр бэлтгэлийг хангаж ажиллаж байна. Цаашид Нийслэлийн төрийн үйлчилгээний нэгдсэн төвүүдэд гадаад паспортын шинэ захиалгыг хүлээн авах үйлчилгээг нэвтрүүлэхээр төлөвлөөд байна.

Бүртгэлийн үйлчилгээг цахимжуулах ажлыг эрчимжүүлэв

Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн үйл ажиллагаа, бүртгэлийн цахим системийг боловсронгуй болгох ажлын хүрээнд эрх зүйн орчныг сайжруулах, архивын цаасан суурьт нотлох баримтыг цахим хэлбэрт шилжүүлэх, бүртгэлийн чанар, хүртээмжийг дээшлүүлэхэд анхаарч ажиллаж байна. Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулсан “Ухаалаг засаг” төслийн хүрээнд тус газарт эд хөрөнгийн эрхийг бүртгэлийн цахимжуулалтын ажил хийгдэж байна. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 9 дүүрэг, 8 аймгийн эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн  архивын баримт цахим хэлбэрт шилжиж, цахим систем (ePRS)-д холбогдоод байгаа юм. Тэгвэл уг нэгдсэн системд холбогдоогүй Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Булган, Говь-Алтай, Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өмнөговь, Сүхбаатар, Сэлэнгэ, Увс, Хөвсгөл аймгийн эд хөрөнгийн бүртгэлийн архивын баримтыг “Ухаалаг засаг” төслийн хүрээнд үргэлжлүүлэн цахимжуулж эхлээд байна.

Хуулиар хүлээсэн үүргээ амжилттай хэрэгжүүллээ

Тус газар нь Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийг хуулийн дагуу явуулж Сонгуулийн тухай хуулиар хүлээсэн үүргээ амжилттай хэрэгжүүлж ажиллав. Дээрх ажлын хүрээнд ОӨУБЕГ-ын даргын А/72 тоот  тушаалаар “Сонгуулийн тухай хуулийн хэрэгжилтийг зохион байгуулах, төв, орон нутгийн улсын бүртгэлийн байгууллагыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах үүрэг бүхий “Ажлын хэсэг”-ийг байгуулж, чиг үүргийнхээ дагуу тодорхой ажлуудыг үе шаттай хэрэгжүүллээ.  Сонгуулийн тухай хуулийн 23-р зүйлийн 1-д заасны дагуу 2016 оны 10 дугаар сарын 23-ны байдлаар нийт сонгогчдийн 60,72 хувь буюу 1166462 сонгогч сум дүүргийн ИТХ-ын сонгуульд саналаа өгсөн байна. Аймгуудын дүнгээр нийт санал өгсөн сонгогчдын 64,21 хувь буюу 677911 сонгогч, Нийслэлийн дүнгээр 56,46 хувь буюу 488551 сонгогч саналаа өгчээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Гадаад паспортын нийлүүлэлтийг нэмэгдүүллээ  
Үзсэн: 511 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй