Шууд Chart

Лаост тарьсан цагаан будааг үзэсгэлэн худалдаагаар борлуулна

2013-10-23 13:22:26

Монгол, Лаос хоёр улсын хөдөө аж ахуйн сайд нарын хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд манай улс  Лаостгазар түрээслэн цагаан будаа тариалах,, Лаосын тал манайд хонины аж ахуй эрхлэх ажлыг хэрэгжүүлэх болсон.  Манай улс эхний ээлжинд туршилтын журмаар 5 га газар түрээслэн будаа тариалсан. Энэ ажлын хэрэгжилт явцын талаар ҮХАА-н яамын Усалгаатай газар тариалангийн технологи, усжуулалт хариуцсан ахлах мэргэжилтэн Ш.Баранчулуунаас тодрууллаа.

-Лаос улсад тариалсан манай цагаан будааны ургацын талаар мэдээлэл өгөөч?
-Манай улс эхний ээлжинд туршилтын журмаар 5 га газар түрээслэн өнгөрсөн жилийн намар эхний тариалалтаа хийж энэ 5 сард ургацаа хурааж 8.5 тонн жасмин сортын цагаан будаа авсан. Будааг цайруулж савлах ажил дууссан, одоо  тээвэрлэх тал дээр бага зэрэг асуудалтай болчихоод байна.
-Ямар?
-Яамнаас “Жуулчин” компаниас тээвэрлүүлэх болсон. Харин Лаос улсын зүгээс бүрдүүлэх бичиг баримт учир дутагдалтай цаг алдаж байна. Манай хоёр улсын хооронд анх удаа тээвэр хийгдэх гэж байгаа болохоор ажил их байдаг бололтой юм. Тогтсон замтай болох шаардлага гарч байна.
-Манай будаа хэзээ ирэх юм бол?
-Тээврийн асуудал эрчимтэй яригдаж байгаа болохоор удахгүй байх. Бидний зүгээс савлах уут саваа захиалсан, мөн бусад асуудлыг ч ярьж төлөвлөж байна.
-Борлуулалтын тухайд?
-Эхний ээлжийн 8.5 тонн будааг  “Скай”, УИД зэрэг томоохон худалдааны төвүүдэд сурталчлах маягаар үзэсгэлэн худалдаа зохион байгуулна. Гол зорилго нь аж ахуй нэгж, компаниудад Лаос улсад сайн чанарын будаа тариалж улсаа хангах боломж байна, эхлэлийг тавилаа, үргэлжлүүлээд хийх боломж байна гэдгийг таниулах юм.
-Жасмин сорт нь дээд зэргийн чанартай гэсэн үг үү?
-Цагаан будаа нь үндсэн таван төрөлтэй 10.000 гаруй сорт байдаг юм байна. Бид шилдэг 10 сортоос жасминыг сонгосон. Эхлээд урт нарийн савхан хэлбэртэйг сонгосон ч иргэд маань хэрэглэж заншаагүй болохоор манайд өргөн хэрэглэдэг хэлбэртэй будаа  сонгосон.
-Энэ будааг борлуулах үнэ ямар байх бол?
-Ярьж л байна. Манайд цагаан будаа кг нь 2000-7000 төгрөгний үнэтэй байна. Бид дундаж үнийг тогтооно. Энэ бол гарал үүсэл, чанар, нэр хаяг нь тодорхой бүтээгдэхүүн шүү дээ.
-Лаос улсын манайд эрхлэх хонины аж ахуйн асуудал ямар түвшинд байна?
-Лаос улс махны чиглэлээр бэлдэж буй 1000 хонь байгаа. Энд бас л нөгөө тээвэрлэлт асуудал болох шинжтэй.
-Хамтын ажиллагааны цаашдын ирээдүйн талаар?
-Үргэлжилнэ. Бид хоёр дахь тариалалтаа хийсэн. Энэ 11 сард хураана. Цаашид монголынхоо томоохон компани, аж ахуй нэгжүүдийг хамтын ажиллагаанд татан оролцуулах бодлого барьж байна.
-Баярлалаа.     
Нийтэлсэн: Б.Баярт

Лаост тарьсан цагаан будааг үзэсгэлэн худалдаагаар борлуулна   
Үзсэн: 2097 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй